Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Иран улс Дональд Трампыг баривчлуулахаар Интерполд хандав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Ираны прокурорууд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг баривчлах шийдвэр гаргаж, Интерполоос тусламж хүссэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Трампаас гадна АНУ-ын засаг захиргааны олон албан тушаалтныг Ираны генералын амийг Багдад хотын ойролцоо хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан баривчлах шийдвэр гаргасан байна.

Уг мэдээг тарсны дараа Интерпол байгууллага Ираны хүсэлтийг хүлээж авах боломжгүйгээ мэдэгджээ.

Тиймээс энэ шийдвэр нь бэлгэдлийн чанартай, Вашингтон-Тегераны сөргөлдөөнийг харуулсан алхам бололтой.

Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ираны армийн топ генералуудын нэг, Хувьсгалт Гвардын Кудс тусгай хүчний командлагч Кассем Солейманигийн амийг Иракийн нийслэл Багдад хотын олон улсын нисэх буудлын ойролцоо хөнөөх ажиллагааг АНУ зохион байгуулсан юм.

Энэхүү ажиллагаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Вашингтоны засаг захиргааны 35 албан хаагч буруутай гэж Тегеран хотын прокурор Аль Алкасимехр дүгнээд тэдэнд “терроризм, аллагын ял” тулгасныг Ираны IRNA агентлаг мэдээлжээ.

Трампыг ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа ч баривчилж, шийтгэхийн төлөө тасралтгүй ажиллахаа Алкасимехр амласан байна.

Ираны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Брайан Хук өчигдөр Саудын Арабт хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Энэ бол хэн ч тоохгүй, суртал нэвтрүүлгийн чанартай арга хэмжээ. Ираныг тэнэг харагдуулахаас өөр үр дүнгүй үйлдэл” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press