Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ парламент дахь гэмт хэрэгт холбогдсон хоёр гишүүн

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинээр бүрдэж буй парламентын гишүүд өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр уг 76 хүнийг СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр батламжлав.

Шинээр сонгогдсон 76 эрхмийн 75 нь өнөөдөр гишүүний үнэмлэхээ гардан авсан. Нэг нь буюу УИХ-ын 13 дугаар тойрог Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод буй. Тэрбээр Цагдан хорих ангиас УИХ-ын гишүүнээр сонгогдсон анхны хүн болсон юм.

Ж.Эрдэнэбат нь албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт яллагдагчаар татагдан, шүүхэд барьцаа байршуулаагүй, шүүхээс дуудсан цагт очоогүй гэх үндэслэлээр цагдан хоригдоод байгаа. 

Түүний холбогдсон хэргийг эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1,463.82 га талбайг “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдон бусад дөрвөн хүний хамт шүүгдэж байгаа юм. Түүнд шүүхээс 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ч шүүхийн тусгай дансанд уг мөнгийг байршуулаагүй мөн шүүхээс дуудсан цагт очоогүй учир цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. 

Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хуралдааныг долоодугаар сарын 2-ны өдөр товлосон. Тэрбээр өнөөдөр гишүүний үнэмлэхээ гардаж аваагүй ч түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсоныг СЕХ-ноос мэдэгдээд буй.

Харин УИХ-ын гишүүний бүрэн эрх нь Анхдугаар чуулганд тангараг өргөснөөр хэрэгжиж эхэлнэ. Одоогоор Ерөнхийлөгч зарлиг гарган Анхдугаар чуулганы товыг зарлаагүй байгаа. Гэхдээ Ж.Эрдэнэбат өмнөх парламетын гишүүн байсан учраас шинээр тангараг өргөхөөсөө өмнө ч гишүүний бүрэн эрхтэй.

Тиймээс тангараг өргөх эсэхээс үл хамааран УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хүчин төгөлдөр байгаа Ж.Эрдэнэбатад шүүхээс ял оноох уу үгүй юу гэдэг хуулийн зөрчилдөөнтэй үйл явдал үргэлжилж байна. 

Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхээр “хамгаалагдахаар” яарч буй нэгэн гишүүн шинэ парламентад багтаад байна. Тэрбээр УИХ-ын 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн Х.Адъяасүрэн юм. Түүнийг АТГ-т бусдад хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татжээ. Хэдийгээр түүнийг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх шийдэх боловч бусдад авлига өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон учраас яллагдагчаар татаад буй. 

Тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр уг хэргийг хуулийн байгууллагаас шүүхэд шилжүүлэхэд багагүй саад учрах магадлалтай.

Учир нь УИХ-ын гишүүнийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгах бол УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлж, уг саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг. Өмнөх жишээнүүдээс харахад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн хуулийн байгууллагад шалгуулж байсан тохиолдол хуруу дарам цөөн. Гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэлгүй явсаар парламентын хугацааг дуусгасан нь ч бий.