Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ-ын 36 мужид халдвар нэмэгдсээр байгаа учир зарим хотод наран шарлагын газар, баарыг хааж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулав.

Жонс Хобкенсийн их сургуулийн тооцоогоор дэлхийн хэмжээнд Ням гарагийн байдлаар COVID-19 халдвар авсан хүний тоо 10 сая гаруй болж, хагас сая хүн нас бараад байна.

Халдвар бүртгэгдсэн тоогоор АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Их британи улс тэргүүлж байна.

АНУ

Зургаадугаар сарын 28-ны өдөр АНУ-д тохиолдол 44,700 тохиолдол, 508 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2,504,000 гаруйд хүрч, 125,400 гаруй хүн эндээд байна.

АНУ-ын халдварын голомтын шинэ цөм болоод буй Флорида, Техас, Аризона мужуудад шинэ халдварын тоо болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Тархалт улам нэмэгдэж байгаа учир Флорида муж улсийн хоёр орон нутагт долдугаар сарын 4-ний баярын амралтаар далайн эргийн наран шарлагын газруудыг хаахаар болжээ.

Харин Калифорни мужийн захирагч Лос-Анжелос зэрэг долоон орон нутгийн баарыг хаахаар шийдвэрлэсэн байна.

АНУ-ын 36 мужид халдвар нэмэгдсээр байгаа бөгөөд шинэ халдвар нэмэгдэж байгаа нь шинжилгээ хийх тоо өссөнөөс бус тархалт улам газар авч байгааг илтгэж буйг тархвар судлаачид анхааруулж байна.

Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх өвчлөл өндөр байгаагийн илэрхийлэл гэдгийг ч ДЭМБ-аас анхааруулж байгаа юм.

Бразил

Бразил улсад өчигдөр 30,400 шинэ тохиолдол бүртгэгдэж, 552 хүн амиа алдлаа. Ингэснээр тус улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 1,344,000 гаруйд хүрч, 57,600 хүн халдварын улмаас эндээд байна.

Одоогоор тус улсад эдгэрсэн хүний тоо 733 мянга болсон бол 552 мянган хүн идэвхтэй халдвартай байна гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр шинэ тохиолдол 19,900 гаруй бүртгэгдэж, нийт халдваын тоо 528,800 гаруй боллоо.

Мөн өдөр 410 нас баралт шинээр бүртгэгджээ.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д сүүлийн 24 цагт 42 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Үүнээс 30 нь дотоодын халдвар байсан бол 12 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдваруудын 21 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдсэн байна.

Сөүл хотын Вансанг сүмээс эх уурхайтай халдвар 27 батлагдаад байна гэж БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.

БНХАУ

Ням гарагт БНХАУ-д 12 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 7 нь дотоодын халдвар бөгөөд бүгд Бээжин хотод бүртгэгджээ. Мөн өдөр тус улсад таван тохиолдол гаднаас зөөвөрлөгдсөн бол шинж тэмдэггүй халдварын тохиолдол нэг бүртгэгдсэн аж.

Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжин хотод батлагдсан тохиолдлын тоо 318 болжээ.

Халдварын голомт илэрснээс хойш тус хотод 8.2 сая сорьц цуглуулж шинжилгээ хийсэн талаар Бээжингийн эрх баригчид мэдээлсэн байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/742067089878858/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.