Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг үе АНУ-ын цар тахлын төв болж байсан Нью Йорк мужид нэг өдөрт нас барсан хүний тоо 5 болж буурлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нэг үе АНУ-д коронавирусийн цар тахлын төв болж байсан Нью Йорк мужид өнгөрсөн Бямба гарагт Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо тав болж буурчээ.

Энэ нь гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш нэг өдөрт хамгийн цөөн хүн Covid-19 өвчнөөр нас барсан тохиолдол юм. Өмнөх өдөр нь буюу Баасан гарагт тус мужид 13 хүн нас барж байжээ.

Дөрөвдүгээр сард тахлын оргил үеэр Нью Йорк мужид өдөрт 800 орчим хүн коронавирусийн халдвараар нас барж байв.

Гэхдээ тахал дэгдсэн цагаас хойш нийт 25,000 орчим хүн нас барсан тоогоор тус муж АНУ-д тэргүүлсэн хэвээр байгаа юм.

Өнгөрсөн Бямба гарагт бас 900 хүрэхгүй тооны хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн нь оргил үедээ 18,000 хүрч байсантай харьцуулахад сайн үзүүлэлт болжээ.

Гэхдээ Нью Йоркчууд дэглэмээ хатуу сахиж, амны хаалт зүүхгүй бол тахал дахин дэгдэх магадлалтайг мужийн захирагч Эндрью Куомо өчигдөр NBC сувагт ярилцлага өгөхдөө анхааруулсан байна.

Хэдийгээр Нью Йорк зэрэг зүүн хойд мужуудад байдал сайжирсан ч АНУ-ын өмнөд болон баруун мужуудад коронавирусийн халдвар эрчимжиж эхлээд байгаа.

Баасан гарагт тус улсад нэг өдөрт хамгийн олон буюу 40,000 халдварын тохиолдол бүртгэгдэж, Техас, Флорида мужууд хорио цээрийн дэглэмээ буцаан сэргээж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press