Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Америк цэргийн амийг хөнөөсөн Афганчуудад Оросын тал шагнал өгдөг гэх мэдээллийг Трамп няцаав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Нью Йорк Таймс сонинд Афганистанд байрлаж буй АНУ-ын цэргүүдийн амийг хөнөөсөн исламын зэвсэгт бүлгийн гишүүдэд Оросын тагнуулын алба мөнгөн шагнал олгож байсан гэх мэдээллийг цацсан юм.

Ийм мэдээллийг АНУ-ын тагнуулын албад энэ оны гуравдугаар сард Цагаан ордонд танилцуулсан гэж дээрх мэдээнд өгүүлжээ.

Маргааш нь буюу Бямба гарагт Цагаан ордон, Үндэсний Тагнуулын Газрын захирал зэрэг албаны эх сурвалжууд Нью Йорк Таймсын мэдээг няцаасан мэдэгдэл хийсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн яам мөн дээрх мэдээг няцаажээ.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Надад болон дэд ерөнхийлөгчид, Цагаан ордны удирдлагуудад хэн ч ийм мэдээлэл өгч байгаагүй. Бүгд энэ мэдээллийг няцааж байна. Манай цэргүүд тийм олон халдлагад өртөж байгаагүй” гэж бичээд Нью Йорк Таймс сонинд хандаж, мэдээлэл авсан эх сурвалжаа зарлахыг уриалжээ.

Харин конгресс дэх Ардчилсан Намынхан уг мэдээллийг Трамп нуусан байж магадгүй хэмээн сэжиглэж эхэлсэн байна.

Өчигдөр конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пэлоси урьд өмнө нь ийм мэдээлэл сонсож байгаагүйгээ хэлээд энэ сэдвээр  тагнуулын байгууллагууд конгресст тодруулга өгөх ёстой гэж ярьсан байна.

Тэрбээр ABC News сувагт ярихдаа “Ямар нэг асуудал байгаа нь тодорхой байна. Тиймээс заавал тодруулах хэрэгтэй” гээд Трампыг Оросын эрх баригчдад талтай ханддаг тул бодит мэдээллийг нууж байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаагаа илэрхийлжээ.

Төлөөлөгчдийн танхим дахь тагнуулын байнгын хорооны тэргүүн Адам Шифф “Хэрвээ ерөнхийлөгч ийм мэдээлэл авсан хэрнээ Оросыг Их Наймд оруулах тухай ярьж байгаа бол нөхцөл байдал бүр ноцтой болно” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Сенат дахь Ардчилсан Намын бүлгийн тэргүүн Чак Шумер ирэх долоо хоногт батлан хамгаалах хуулийн төслийг хэлэлцэхдээ Орос улсын эсрэг хатуу хориг зарлахыг уриалжээ.

 

Эх сурвалж: Reuters