Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Бээжин хотод илэрсэн COVID-19 вирус Ухань хотод дэгдсэн вирусээс омгийн хувьд ялгаатай байна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинэ коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

АНУ

Зургаадугаар сарын 26-ны өдөр АНУ-д 40,500 гаруй шинэ тохиолдол, 2,516 нас баралт бүртгэгдлээ. Ингээд АНУ-д халдвар авсан хүний тоо 2,414,000 гаруй болсноос 124,300 гаруй хүн амиа алдсан байна. 

Бразил

Өчигдөр Бразил улсад 46,800 орчим шинэ тохиолдол, 990 нас баралт бүртгэгдлээ. Ингээд халдвар өссөн дүнгээр 1,274,000 гаруй болж, 55,900 гаруй хүн эндээд байна. 
Хүн ам хамгийн ихээр оршин суудаг Сан Паолод бүртгэгдсэн халдвар дангаараа 258,000 гаруй болсноос 14,000 гаруй хүн энджээ.  

Оксфордын их сургууль болон AstraZeneca компанийн хамтран хөгжүүлж байгаа COVID-19 халдварын эсрэг вакцины туршилтыг Бразил улсад энэ долоо хоногт эхлүүлсэн талаар олон улсын хэвлэл мэдээллээр мэдээлж байна.

Тус улсын Сан Паоло болон Рио де Жанейро хотын, харьцангуй эрүүл, халдвар аваагүй 3,000 гаруй хүнд вакциныг хийсэн. Үүнд, халдвартай өвчтөнүүдтэй тулж ажиллаж байгаа эмч, сувилагч, түргэн тусламжийн автомашины жолооч зэрэг өндөр эрсдэл бүхий бүлгийн хүмүүсийг багтаасан байна. 

Зүүн өмнө Ази

Энэтхэг улсад өчигдөр шинэ тохиолдлын тоо өмнөх өдрүүдээс дахин өсөж, 17,200 гаруй тохиолдол бүртгэгдсэнээр тус улсын нийт халдвар 490,000 гаруйд хүрсэн байна. Мөн өдөр шинээр 407 нас баралт бүртгэгдлээ. Одоогийн байдлаар БНЭУ-д COVID-19 шалтгаант нас баралт 15,300 гаруй бүртгэгдсэнийг нийт хүн амын тоотой нь харьцуулбал 100 мянган хүн тутамд 1.86 байна.

Номхон далайн баруун бүс

БНСУ-д өчигдөр 51 шинэ тохиолдол нэмж  бүртгэгдлээ. Үүнээс 31 нь дотоодын халдвар бөгөөд 20 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. 
Дотоодын халдваруудын 15 нь нийслэл Сөүлд, 12 нь Кёнги аймагт, хоёр тохиолдол Тэжон хотод бүртгэгджээ.  

Сүүлийн өдрүүдэд Сөүл хотод Вонгсанг сүмийн үйл ажиллагаатай холбоотой шинэ халдварын голомт илэрсэн. Тухайлбал, тус сүмийн найрал дуу дуулдаг болон сүмээс зохион байгуулсан өдрийн аялалд оролцсон 16 хүнд халдвар илэрсэн байна. Тус сүмд явдаг 1,700 орчим хүнийг олж илрүүлж, шинжилгээ хийх ажил эхэлжээ. 

БНХАУ-ын их газарт Баасан гарагт COVID-19-ийн 21 шинэ тохиолдол бүртгэгдсэний 17 нь дотоодын халдвар, дөрөв нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. 

Дотоодын халдварын тохиолдлууд бүгд Бээжин хотод бүртгэгдсэн ба тэдгээрээс 15 тохиолдол Шинфади хүнсний зах байрладаг Фэнтай дүүрэгт, хоёр тохиолдол Дасин дүүрэгт шинээр бүртгэгдсэн байна.  

Ийнхүү зургаадугаар сарын 11-нээс хойш Бээжин хотод батлагдсан тохиолдол 297 боллоо гэж Бээжин хотын ЭМ-ийн хорооноос мэдээлэв. 
Мөн Бээжин хотод шинээр илэрсэн вирусийн халдвар нь амьтнаас дамжаагүй болохыг тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс Баасан гарагт нийтэлсэн тайландаа дурджээ. 

Вирус бохирдсон гадаргуугаар дамжин буюу түүнд хүн хүрэлцэж дамжсан шинжтэй байна. Мөн Бээжин хотод илэрсэн COVID-19 вирус Ухань хотод дэгдсэн вирусээс омгийн хувьд ялгаатай байна гэдгийг мөн танилцуулав. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.