Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашинд хурьцал хийж буйг харуулсан дүрс бичлэгийг НҮБ шалгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Саяхан Израилын нийслэл хотын нэгэн гудамжинд зогсож байсан НҮБ-ын дугаар, таних тэмдэгтэй автомашинд хоёр хүн хурьцаж буйг харуулсан 18 секундын урттай дүрс бичлэг сошиал ертөнцөд тарсан юм.

Машины арын суудалд нэг эрэгтэйн дээр улаан хувцастай эмэгтэй байгааг дүрс бичлэг харуулжээ.

Бичлэгийн мөрөөр шалгалт явуулж эхэлснээ НҮБ-ын удирдлага өчигдөр мэдээлсэн байна. Шалгалтын үр дүнд машин зогсож байгаа газар нь Тель Авив хотын нэг гудамж болохыг тогтоожээ. Мөн бичлэгт дүрслэгдсэн хүмүүсийг таниулах ажил дуусах дөхөж байгааг мэдээлсэн байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч Стефани Дужаррик өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа бичлэгт дүрслэгдсэн зүйлийг “жигшүүртэй явдал” гэж нэрлэжээ.

Сүүлийн жилүүдэд НҮБ-ын энхийг сахиулагчид болон ажилтнуудтай холбоотой бэлгийн халдлагын хэргүүд нэмэгдэж байгаа юм.

“Бичлэгт дүрслэгдсэн зүйл биднийг цочроож, сэтгэл санааг гүнзгий хямруулаад байна. НҮБ-ын дотоод хяналтын алба шуурхай ажиллаж эхэлсэн. Удахгүй үр дүн гарч, шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт итгэлтэй байна” гэж Дужаррик мэдэгджээ.

1948 оноос хойш Израйльд ажиллаж байгаа НҮБ-ын харьяа UNTSO (United Nations Truce Supervision Organization) байгууллагын ажилтнууд уг хэрэгт холбоотой гэж үзэж байгаагаа тэр хэлсэн байна.

Ёс зүйн зөрчил гаргасан ажилтнаа НҮБ халах, үүрэг гүйцэтгэж буй орноос нь эгүүлэн татах арга хэмжээ авдаг. Дараа нь зөрчил гарсан улс орон өөрийн хуулийн хүрээнд арга хэмжээ авдаг ажээ.

 

Эх сурвалж: BBC