Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д коронавирусийн халдварын өсөлт дээд хэмжээндээ хүрч, зарим мужууд хоригоо сэргээж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-д илэрсэн коронавирусийн халдварын тоо 40,000 хүрсэн нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн дээд хэмжээ байлаа.

Баасан гарагт Техас мужийн захирагч бүх баар, цэнгээний газруудыг буцааж хаах, ресторануудын ажиллах цагийг хязгаарлах шийдвэр гаргасан нь хорио цээрийн дэглэмээ цуцалсан мужуудаас хамгийн том ухралт хийсэн тохиолдол байв.

Үүний дараа Флорида мужийн захиргаа мөн баар, цэнгээний газруудад согтууруулах ундаагаар үйлчлэхийг хоригложээ. Өчигдөр тус мужид нэг өдрийн дотор 8,942 халдварын тохиолдол шинээр илэрснийг зарласан нь цар тахал дэгдсэн цагаас хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Флоридагийн эрүүлийг хамгаалах газрын мэдээлснээр тус мужид сүүлийн өдрүүдэд оношилгооны хариу эерэг гарах хувь хэмжээ эрчимтэй нэмэгджээ.

Тухайлбал Лхагва гарагт хийгдсэн нийт оношилгооны 8.9 хувь эерэг үр дүнтэй гарсан бол Пүрэв гарагт 13.1 хувь болж нэмэгдсэн байна.

Халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа Калифорни, Аризона мужууд эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээгээ түр зогсоох шийдвэр гаргажээ.

АНУ-ын баруун болон өмнөд мужуудад Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн нь коронавирусийн тахал дахин эрчимжсэнийг харуулж байна.

Цар тахал хамгийн өндөр дэгдэлттэй байсан дөрөвдүгээр сарын дундуур АНУ-д дунджаар өдөрт 2,200 хүн нас барж байжээ. Өнөөдөр энэ тоо 600 орчим байгаа ч АНУ-ын зарим мужууд уг түвшинд буцаж хүрэх магадлалтай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тахлын оргил үед 24 цагийн дотор хамгийн олон халдвар илэрсэн өдөр нь 36,400 тохиолдол бүртгэгдсэн дөрөвдүгээр сарын 24 байжээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 2.4 сая, нас барсан хүний тоо 124,000 болоод байна.

Гэхдээ бодит байдал дээр халдвар авсан хүний тоо тус улсад 20 сая орчим буюу албан ёсны тооноос бараг 10 дахин өндөр байж болзошгүйг Пүрэв гарагт АНУ-ын албаныхан мэдээлжээ.

Баасан гарагт танилцуулсан ABC/Ipsos байгууллагуудын судалгааны үр дүнд өгүүлснээр Америкчуудын 56 хувь нь коронавирусийн вакцин, эм гараагүй байхад хорио цээрийн дэглэм цуцалсан нь хэтэрхий эртэдсэн алхам болсон гэж хариулсан байна.

 

Эх сурвалж: The Guardian