Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Aфрик тивийн зүүн хэсэгт оршдог Танзани улсын хувиараа олборлогч залуу түүхэнд хамгийн том танзанит эрдэнийн чулуу илрүүлж, саятан болжээ.

Зөвхөн Танзани улсын умард нутгийн жижиг уурхайгаас олддог танзанит нь маш ховор чулуу бөгөөд азтай “нинжа” Саниню Лайзерын олсон хоёр чулуу нь тохой хэрийн урттай, түүхэнд олдсон хамгийн том хэмжээтэй нь юм.

Танзани улсын засгийн газар эрдэнийн чулуунуудыг Лайзераас $3.35 саятай тэнцэх бэлэн мөнгөөр худалдан авжээ. 

Лайзер засгийн газраас чек хүлээж авсныхаа дараа “Маргааш би энд том найр зохион байгуулна. Дараа нь нутагтаа худалдааны төв, сургууль байгуулах төлөвлөгөөтэй байна. Энд хүүхдээ сургуульд явуулж чаддаггүй маш олон ядуус байдаг. Би өөрөө ч боловсролгүй. Тиймээс би хүүхдүүдээ мэргэжил, боловсролтой болгомоор байна” гэж хэвлэлд ярьсан байна.

Түүний олборлосон нэг чулуу 9.27 кг, нөгөө нь 5.1 кг жинтэй ажээ.

“Мирерани нутагт олборлолт эхэлсэн цагаас хойш хамгийн том хэмжээтэй хоёр танзанит олдсоныг бид өнөөдөр энд тэмдэглэж байна” гэж Танзани улсын уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Симон Мсанжила чек гардуулах ёслолын үеэр мэдэгдсэн юм.

Арга хэмжээний үеэр Танзани улсын ерөнхийлөгч Жон Магуфули чулуунуудыг олборлосон Лайзертай утсаар холбогдож баяр хүргэжээ.

Арга хэмжээг тус улсын төв телевизээр шууд дамжуулсан байна.

Танзани улсын засгийн газар өнгөрсөн онд “нинжа” нарын олборлосон эрдэнийн чулуу, алт зэргийг худалдаж авах төв байгуулсан юм.

2018 оны дөрөвдүгээр сард танзанит олборлодог цорын ганц уурхайг тойруулан хамгаалалтын хана хэрэм босгосон нь эрдэнийн чулуу хулгайд алдагдах явдлыг зогсоох зорилготой байжээ.

Хана босгохоос өмнө эндээс олборлосон танзанитуудын 40 хувь хууль бус замаар алдагддаг байсан гэнэ.

 

Эх сурвалж: Reuters