Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоо коронавирусийн тархалт өндөр байгаа АНУ-ын иргэдэд хилийн хориг тавих гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Европын Холбоо долдугаар сарын 1-нээс эхлэн хилээ гадаадын иргэдэд нээхээр болжээ. Тус холбоо коронавирусийн цар тахал эхэлсэн гуравдугаар сараас хойш дэлхийн ихэнх улс орнуудын иргэдэд хилээ хаагаад байсан юм.

Харин энэ удаа тахлын нөхцөл байдал хүнд байгаа орнуудын иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Тэдгээр орнуудын тоонд АНУ багтсаныг Нью Йорк Таймс сонин өчигдөр мэдээлсэн байна.

Өмнөх хоригт Америкчуудыг оруулаагүй байсан бол энэ удаа тахлын нөхцөл байдал нь сайжраагүй үндэслэлээр хоригт оруулахаар болжээ.

АНУ-тай цуг ОХУ, Бразил улсууд мөн Европын Холбооны хилийн хоригт орохоор болсон байна.

Уг шийдвэр нь дэлхийн тавцан дахь АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Америкт 2.3 сая гаруй хүн халдвар авч, 120,000 орчим хүн нас бараад байгаа нь дэлхийд байхгүй муу үзүүлэлт болж байна.

Гуравдугаар сарын сүүлээр Трампын засаг захиргаа Европын ихэнх улс орнуудын иргэдэд хилээ хаасан юм. Өнөөдөр Европын тахлын нөхцөл байдал сайжирсан ч уг хоригоо цуцлаагүй байна.

Европын Холбооны шалгуурыг хангахын тулд тухайн улсад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 100,000 хүн ам тутамд ноогдох шинэ халдварын тоо нь бага байх ёстой гэнэ.

Европын Холбооны хувьд энэ тоо 16 байгаа бол АНУ-ын хувьд 107, Бразилд 190, ОХУ-д 80 байгаа юм.

Хилийн хоригт багтсан орнуудын жагсаалтыг хоёр долоо хоног тутамд дээрх шалгуурын дагуу шинэчилж байх ажээ.

Жил бүр олон сая Америкчууд Европ тивд янз бүрийн зорилгоор зорчдог тул уг хориг Европын орнуудын эдийн засагт ч бас муугаар нөлөөлөхөөр байна.

Хоригт багтах орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногт Европын Холбооны удирдлагууд хэлэлцэхээр болсныг Нью Йорк Таймс мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters