Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Аляскын галт уулын дэлбэрэлт Ромын Бүгд Найрамдах Улсыг мөхөөсөн гэж эрдэмтэд дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тооллын өмнөх 44 онд Юлий Цезарийн амийг хөнөөсөн аллагын дараа эрх мэдлийн төлөө тэмцэл хорь орчим жил үргэлжилсэн нь эцэстээ Ромын Бүгд Найрамдах Улсыг мөхөөж, Ромын Эзэнт Гүрний эхлэлийг тавьсан билээ.

Түүхийн эх сурвалжуудад өгүүлснээр тухайн цаг үед тэнгэрт сонин хачин үзэгдэл бий болж, цаг агаар огцом хүйтэрч, өлсгөлөн болж байсан гэдэг.

Тэгвэл энэ бүх үзэгдэл нь Аляскын нэгэн галт уулын дэлбэрэлттэй холбооотой байж болзошгүй гэж хэсэг эрдэмтэд дүгнэжээ.

 Тэдний судалгааны тайлан өчигдөр “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Умард туйлын мөсөнд хадгалагдаж үлдсэн галт уулын үнс нурмыг судалсан олон улсын эрдэмтэд Аляскын Окмок галт уул нийтийн тооллын өмнөх 43 онд дэлбэрсний дараа Газар дундын тэнгисийн бүс нутагт цаг уурын эрс өөрчлөлт бий болсныг тогтоожээ.

Энэ дэлбэрэлтийн дараа зөвхөн Ромын эзэнт гүрэн бий болоод зогсоогүй, бас Египетэд сүүлчийн фараон Птолемейн эзэнт гүрний төгсгөл ирсэн байна.

 “Дэлхийн нэг талд галт уул дэлбэрсэн нь Ром, Египетэд нөлөөлж, Ромын эзэнт гүрний эхлэлийг тавьсныг батлах баримт олдсон нь гайхамшигтай” гэж судалгааг ахалсан Невадагийн Реногийн Цөл Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэн Жо Макконнел ярьжээ.

“2,000 жилийн өмнө хүртэл дэлхий ямар хамааралтай байсныг энэ судалгаа харуулж байна” гэж тэр нэмж хэлсэн байна.

Тэрбээр Швейцарийн эрдэмтэн Майкл Сиглтэй хамтран туйлын мөсөнд маш сайн хадгалагдаж үлдсэн галт уулын үнс нурмыг өнгөрсөн онд илрүүлэн судалж эхэлжээ.

Тэд хоёр тусдаа галт уулын дэлбэрэлт болсныг илрүүлсэн байна. Эхнийх нь нийтийн тооллын өмнөх 45 онд болсон нь богино хугацаатай, цар хүрээ багатай байжээ. Харин 43 онд болсон хоёр дахь хүчтэй дэлбэрэлт илүү өргөн хүрээнд нөлөөлж, хоёр жил орчим үргэлжилсэн байна.

Тэд дараа нь дэлхийн өөр өөр бүс нутгуудад энэ дэлбэрэлт хэрхэн нөлөөлсөн баримтыг Скандинавын модны цагираг, зүүн хойд Хятад дахь агуйн тогтоц зэргээс илрүүлжээ.

Эдгээр баримтууд дээр үндэслэн цаг уурын загварчлалыг гаргахад дэлбэрэлтээс хойш хоёр жилийн турш дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст ер бусын хүйтэн болсныг тогтоосон байна.

Тухайн үед Европын өмнөд хэсэгт намар, зуны агаарын температур олон жилийн дунджаасаа Цельсийн 7 хэмээр буурсныг тогтоожээ.

Үүний улмаас газар тариалангийн ургац муудаж, өлсгөлөн, хямрал нүүрлэсэн нь улс төрийн амьдралыг ч тогтворгүй болгосон байна.

Энэ үед тэнгэр харанхуйлах, тэнгэрт гурван нар харагдах зэрэг үзэгдэл бий болж байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.

 

Эх сурвалж: AFP