Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"22 дугаар тойрогт Л.Наранбаатарын нэрийг оруулж, саналын хуудсыг дахин хэвлэхгүй бол санал хураалт бүхэлдээ хүчингүй болно"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN

Улсын Дээд шүүхийн өнөөдрийн хуралдаан Л.Наранбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэхтэй холбоотой хэргийг хянан хэлэлцжээ.

Шүүх хурал өглөө 09:00 цагт эхэлж, 10:00 цагт дууссан бөгөөд Улсын Дээд шүүхээс Л.Наранбаатарыг УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шийдвэр гарсан хэмээн Л.Наранбаатарын өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир мэдээлэв. 

Шүүхийн шийдвэр гарсны дараагаар Л.Наранбаатар болон түүний өмгөөлөгч хамтран Сонгуулийн ерөнхий хорооны гадна дараах мэдээллийг хийлээ. 

Л.Наранбаатар: Шүүхийн шийдвэр албажиж ирээгүй тул саналын хуудаст нэр оруулах боломжгүй гэсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

Л.Наранбаатар "Дээд шүүхээс миний сонгох, сонгогдох эрхийн асуудлыг шударгаар шийдэж, 22 дугаар тойрогт нэр дэвших шийдвэрийг гаргаж, албан даалгаврыг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Гэтэл хоёр цаг хаалгаа түгжчихээд оруулахгүй байна.

Саяхан н.Одсүрэн гэж хүн гарч ирээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байгаа тул саналын хуудаст нэр оруулах боломжгүй гэж хэлсэн" гэлээ. 

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт 123 мянган сонгогч бий бөгөөд сонгогчийн тоогоор саналын хуудсыг дахин хэвлэхгүй бол маргааш явагдах санал хураалт нь бүхэлдээ хүчингүй болохоор байна хэмээн Л.Наранбаатарын өмгөөлөгчид хэллээ.

Мөн өнөөдрийн дотор дээрх тойргийн саналын хуудсыг дахин хэвлэх хугацаа, боломж бүрэн бийг тэд онцлов.

"22 дугаар тойрогт Л.Наранбаатарын нэрийг оруулалгүйгээр санал хураавал энэ нь бүхэлдээ хууль бус болно"

Өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир "Сонгуулийн ерөнхий хороо нь хүний сонгох, сонгогдох эрхийг хангах зорилготой байгууллага. Дээд шүүхээс Л.Наранбаатарыг 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэ гэж даалгаж шийдсэн. 

Улсын Дээд шүүхээс шийдвэр гарснаар түүнийг бусад шүүх, иргэн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллагууд биелүүлэх ёстой. Шийдвэрийг уншиж танилцуулснаар Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болдог. 

Үндсэн хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо санал авах хуудсыг шинээр хэвлэх үүрэгтэй. Зохион байгуулалтын үндсэн ажил нь. Хэрэв үүнийг хийхгүй бол Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн үг. 

Мөн хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь Эрүүгийн хуулийн 14.5-д зааснаар гэмт хэрэг. Хэрэв Л.Наранбаатарын сонгогдох эрхийг хязгаарлавал цагдаагийн байгууллагад хандана.

22 дугаар тойрогт Л.Наранбаатарын нэрийг оруулалгүйгээр санал хураавал энэ нь бүхэлдээ хууль бус бөгөөд дахин сонгууль явуулах ёстой болно" гэв.