Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг нам, эвслийн хүмүүсийг дагнан сонгох АЛБАГҮЙ. Гэхдээ заавал мандатын тоогоор хүн сонгох ёстой

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн санал хураалт маргааш болно. Санал хураалтаас өмнө сонгогч таны заавал мэдэх ёстой гурван гол зүйлийг дахин сануулж байна. 

НЭГ. Цагаан сонголт хүчинтэй. Гэхдээ...

Цагаан сонголт буюу нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөхгүй байх эрх сонгогч Танд бий. 

2019 оны арванхоёрдугаар сард шинэчлэн баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 71.10.-т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно" хэмээн заасан. 

Гэвч УИХ-ын энэ удаагийн сонгуулиар Цагаан сонголт хийхээс илүүтэй нэр дэвшигчийг сонгох нь илүү үр дүнтэй байхыг үгүйсгэхгүй. Учир нь Ерөнхийлөгчийг сонгоход нэр дэвшигч нийт саналаа өгсөн хүмүүсийн олонхын санал авч чадаагүй бол дахин санал хураалт явуулах хуулийн зохицуулалттай. Илүү өндөр босготой гэсэн үг. Харин УИХ-ын сонгууль нь сонгогчдын зөвхөн ирцийн босготой. Нийт саналаа өгсөн хүмүүсээс ОЛОНХ БУС хамгийн олон санал авсан хүмүүс дарааллаараа жагсаж, мандатын тооны дагуу УИХ-ын гишүүн болно. 

Өөрөөр хэлбэл, та Цагаан сонголт өгөөд хүчинтэй саналд тооцогдох ч төдийлөн нөлөө бага юм.  

Нөгөөтэйгүүр, энэ удаагийн сонгууль томсгосон мажоритар тойргоор явагдаж буй тул 606 хүн нэр дэвшиж байгаа. Нэг тойрогт 10-38 хүн нэр дэвшиж байгаа гэдгээрээ сонгогчдод олон сонголт өгч байна. Хуульд заасанчлан тэднээс хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. Өөрөөр хэлбэл, сонгогчид хэнийг ч сонгохгүй байхаас үл хамааран сонголт хийсэн маш бага хүмүүсийн саналаар ч УИХ-д гарах нөхцөл бүрдэнэ. Энэ нь бидний нийтээрээ хүлээн зөвшөөрсөн төлөөллийн ардчиллын зарчмыг улам бүдгэрүүлэх сул талтай юм.

Тиймээс Цагаан сонголт хийж, төрд төлөөлөлгүй байхаас илүүтэй олон нэр дэвшигчээс арай дээрийг нь гэх зарчмаар зөв сонголт хийх нь төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх бодитой хувь нэмэр болох боломжтой.  

ХОЁР. Нэг нам, эвслийн хүмүүсийг дагнан сонгох АЛБАГҮЙ. Гэхдээ заавал мандатын тоогоор хүн сонгох ёстой

Хүн амын тооноосоо хамаараад тойрог бүр 2-3 мандаттай байгаа. Өөрөөр хэлбэл, таны амьдарч буй тойрог 3 мандаттай бол Та гурван хүний нэрийг дугуйлна гэсэн үг. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1.-т "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэж заасан. 

Гэхдээ энэ нь заавал нэг нам, эвслийн гурван хүнийг дугуйлна гэсэн үг биш. Та өөрийн сонгосон аль ч нам, эвслийн болон бие даагчдыг хольж сольж сонгож болно. Гагцхүү мандатын тооноос хэтрүүлж бас дутуудуулж болохгүй гэдгийг АНХААРНА уу. 

Яг энэ заалттай холбоотойгоор иргэдийн дунд багаар нь бус сорчилъё гэх хандлага ч бий. Жишээ нь, дэмждэг намаасаа нэг хүнийг, нэг бие даагчийг, нэгийг нь эвслээс гэх мэт ... сонголт хийх боломж их бий. 

ГУРАВ. Санал өгөхөд хүлээлт үүсвэл бүү цааргалаарай 

2020 оны УИХ-ын сонгууль COVID-19 цар тахлын үеэр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Тийм ч учраас УОК-оос чиглэл болгож байгаачлан сонгогч хоорондын зай барих, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор нэг сонгогчийн санал өгөх хугацаан өмнөх сонгуулиудтай харьцуулахад уртсах хүлээлттэй байгаа. 

Нөгөө талаар, энэ удаагийн сонгуулиар Монгол Улсын хэмжээнд 2,070, Улаанбаатар хотод 451 хэсгийн хороогоор дамжуулан сонгогчдын саналыг авна. Нийт 2,132,352 сонгогч бүртгэгдсэн ч бүртгэл одоогоор эцэслэгдэн баталгаажиж гараагүй байна. Тэгвэл өмнөх сонгуулийн санал хураалтыг 1,998 хэсгийн хороогоор дамжуулан авч байсан бөгөөд 1.9 сая хүн бүртгэгдэж байжээ.

Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуультай харьцуулахад энэ удаагийн хэсгийн хорооны тоо дорвитой нэмэгдээгүй тул сонгогчид саналаа өгөхийн тулд дугаарлан зогсож, хүлээж мэдэхээр байгаа юм. 

Гэсэн хэдий ч сонгогч та дөрвөн жилд ганц удаа болдог, төрд төлөөллөө сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэж заасан байдгийг эцэст нь сануулъя. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.