Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сангидорж: Улиасны унгирал халдвар тараадаг гэж айх хэрэггүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Биологийн шинжлэх ухааны доктор, АӨСҮТ-ийн харшлын лабораторийн эрхлэгч Б.Сангидорж нийслэл хотод хийсээд буй модны хөвөн буюу улиас модны унгирлын талаар тайлбарлалаа.


"Улиас модны хөвөн гэдэг нь ургамлынх нь үр юм. Улиас мод эр, эм хоёр төрөлтэй. Эр улиас тавдугаар сарын эхээр ургадаг, улаан хүрэн, ягаан өнгөтэй цэцэгтэй байдаг. Эр улиас модны цэцэг дэлгэрээд, дохиурын тоосовч нь агаарт тархсан нөхцөлд сар орчмын дараа үрлэдэг. Энэ нь ногоон өнгийн молцогтой байдаг. Үүнийг эм улиас мод гэж нэрлэдэг. Эм улиас нь бидний анхаарал татаад байгаа хөвөнг үүсгэдэг.

Улаанбаатарын хэмжээнд хамгийн их өргөн байдаг, хурдан ургаж, 100 гаруй насалдаг мод. Үүнээс гадна маш их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж, ашигтай үнэрт бодисыг гаргадаг, агаарын бохирдлыг багасгадаг, дуу чимээг намсгадаг зэрэг олон талын үнэлж баршгүй ач холбогдолтой. Ийм учраас хот байгууламжид олон үе дамжин хэрэглэгдэж байгаа энэ мод сүүлийн үед их хэмжээгээр таригдаж улиасны унгирал үүсэж байгаа. Унгирал 1980-аад оны сүүлчээс гардаг байсан. Энэ жилийн хувьд харьцангуй их байна.

Сүүлийн 10-аад жилийн судалгааны үр дүнд  улиасны унгирлыг хязгаарлах ажил амжилттай хийгдэж ирсэн. Гэхдээ улиас модны ургалттай холбоотойгоор их тархаж байна.

Гадны орны судлаачид улиасны унгиралаар дамжиж халдварт өвчин тархдаг. Коронавирусийн халдвар дамжин тархах нөхцөл байна гэдгийг хэлсэн байдаг.

Зарим оронд улиас модоо тайрч хаях хүртэл арга хэмжээ авч байгаа.

Улиасны унгирал өвчин тарааж байгаа нь батлагдаагүй

Судалгаанд үндэслэж үзэхэд улиасны унгирал өвчин тарааж байгаа нь батлагдаагүй. Гэхдээ унгирал нь өвчин тараах магадлалтай. Тиймээс унгирлыг тархаахгүй, аль болох хязгаарлах шаардлагатай. 

Улиас модны унгирлыг хязгаарлах үндсэн нэг арга нь модыг хэлбэржүүлэх юм. Энэ нь дөрөвдүгээр сарын сүүлчээр хийгддэг ажил. Өөрөөр хэлбэл улиас мод цэцэглэхээс өмнө хийгддэг учраас Монгол Улсын стандартад заасны дагуу хэлбэржүүлсэн байх шаардлагатай. Үүний дараагийн асуудал эр цэцэг. Улиас модны эр цэцгийг тайрах хэрэгтэй. Эр цэцэг тоос гаргадаг. Тоосноос нь харшил үүсдэг. Улиасны тоосны харшил эр модноос үүсдэг онцлогтой.

Эр улиасны улаан, ягаан өнгөтэй цэцэг тавдугаар сарын дунд үе хүртэл тоосоо салхиар тархаадаг. Үүнээс нэг сарын дараа үрлэж, ногоон молцог болдог.

Унгирлын тархалтыг хязгаарлах нэг арга бол хамгийн эхлээд эр цэцгийг хязгаарлах юм.

Унгирал бол улиас модны үр. Эндээс улиас мод ургах нөхцөл бүрэлддэг. Энэ үр бүрэлдэн тогтох үйл явц нэг сар орчим бий болдог. Энэ үед үрлэж буй молцогнууд томордог. Энэ үед молцгийг тайрвал унгирал багасдаг. 

Бид сүүлийн жилүүдэд хот суурин газруудын улиас модны унгирлыг хязгаарлах аргачлалыг боловсруулж байгаа.

Хөвөн их хэмжээгээр хийсэж байгаа энэ цаг үед даралттай усаар шүршэж газарт унаган тэр даруйд нь цэвэрлээд хаях хэрэгтэй байна. Цэвэрлэж авч хаяхгүй бол улам их тархдаг. Гадны судлаачдын хэлж буйгаар ингэж унагасан унгирал гадаа орчинд хадгалагдах, норох үедээ Ковид 19 халдварыг дамжуулж болно гэж үзэж байгаа нь анхаарал татах асуудал. Эндээс бид анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

Амны хаалт, нүдний шилээ сайн зүүх хэрэгтэй

Унгирал нэгэнт тархсан энэ үед амны хаалт, нүдний шилээ сайн зүүх хэрэгтэй. Охид, бүсгүйчүүд гадуур явахдаа нүүрээ будахаа багасгах, иргэд, ААН-үүд орчиндоо тархсан унгирлыг цэвэрлэх хэрэгтэй.

Унгирлын хор шалтгаан юу вэ

Унгирал нь харшлыг сэдрээх шинж чанартай гэдэгт нэлээд олон харшил судлаачид санаа нэгдсэн байдаг. 

Харшил төрүүлэх шинж чанартай үетэн ба үет ургамлуудын тоос унгиралаар дамжиж тархдаг. Тоос дамжуулж буй учраас харшил үүсгэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх шинж чанартай.

Иймээс мэргэжлийн байгууллагууд унгирлыг тархаахгүй байх талаар анхаарч ажиллах хэрэгтэй.

Иргэдийн хувьд "унгирал халдвар тараадаг" гэж айх хэрэггүй, орчиндоо байгаа унгирлыг цэвэрлээд, тархалтыг багасгах боломжтой" хэмээн тайлбарлалаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/961281574333753/