Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хурдны замын төгсгөл хэсэгт эвдрэл үүсэж, далан хөвөө гэмтсэнийг сэргээхээр ажиллаж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр орсон усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдал болон ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулах мэдээллийн хурал хийлээ. 

Хурлын үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга н.Энхболд борооны улмаас автозам болон төмөр зам хэр эвдэрсан тухай мэдээлэв.

 

Тэрбээр "Аадар бороо орсны улмаас автозам, төмөр замд нэлээд эвдрэл, гэмтэл үүссэн. Үүнтэй холбогдуулж

  • Улаанбаатар-Чойр
  • Улаанбаатар-Мандалговь
  • Улаанбаатар-Өндөрхааны чиглэлд авто тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул шуурхай арга хэмжээ авч, замыг түр хугацаагаар хаасан. Алба хаагчид шөнөжин ажилласнаар дээрх автозамуудыг хугацаанаас нь өмнө нээлээ. 

Мөн олон улсын нисэх онгоцны шинэ буудлын замын төгсгөл хэсэгт эвдрэл үүсэж, далан, хөвөө гэмтсэн. Гарсан эвдрэл гэмтлийг тодорхойлохоор ажлын хэсгүүд ажилласаар байгаа бөгөөд засвар үргэлжилж байгаа. Тухайлбал, 

  • Улаанбаатар-Налайхын чиглэлд Налайх АЗЗА-н 40 хүн, 10 техник
  • Улаанбаатар-Мандалговь чиглэлд Төв АЗЗА-н 15 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
  • Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны автозам дээр зам тээврийн хөгжлийн төвийн техник хэрэгслүүд ажиллаж байгаа" гэв. 

Төмөр замын үйл ажиллагааг маргааш сэргээхээр ажиллаж байна

Борооны улмаас төмөр замд ч нэлээд эвдрэл гарчээ. Тодруулбал, 2.8 км зам, зургаан хэсэг газарт гэмтэл гарсныг засварлахаар Улаанбаатар Төмөр замын мэргэжлийн 461 хүн, 52 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээлэв.

Тэд шөнөжин ажиллаж буй бөгөөд маргааш орой гэхэд төмөр замын үйл ажиллагааг сэргээх бололцоотой байгаа аж.

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга н.Энхболд дээрх мэдээллийг танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

https://www.facebook.com/588990477781350/videos/563089534569246/

"Гол төмөр зам насжилт өндөртэй. Шинэчлэх, хөрөнгө оруулах шаардлага бий"

-Сүүлийн жилүүдэд үерийн улмаас төмөр замд эвдрэл гэмтэл учрах боллоо. Насжилт үүнд нөлөөлж байна уу?

-Монгол Улсад төмөр замыг үүсгэн хөгжүүлээд 80 гаруй жил боллоо. Гол төмөр зам насжилт өндөртэй. УБТЗ-ын 16,000 ажилтан л авч явж, ашиглаж байна. Үүнийг шинэчлэх, хөрөнгө оруулах зайлшгүй шаардлага бий. Техник, тоног төхөөрөмж ч хуучирсан байгаа тухай УБТЗ-ын удирдлагууд танилцуулж, ярьсаар байгаа. Төмөр замын ойролцоох үерийн усыг зайлуулах суваг шуудуу сайн ажилласан байна. Үүнийг мэргэжлийн хүмүүс ч хэлсэн. Гэвч өчигдөр нэлээд их бороо орсон.

-Шинэ нисэх буудлын зам ашиглалтад ороогүй байхдаа эвдэрсэн нь нээх хугацааг хойшлуулах уу?

-Бороо их хүчтэй орсон учраас зам эвдэрсэн. Хурдны замыг Хятадын компани гүйцэтгэсэн. Энэ зам нь гурван жилийн баталгаатай учраас тухайн компани уг хугацаанд засвар үйлчилгээг хийх ёстой. Гэхдээ бид тухайн компанийг хүлээхгүйгээр засвар үйлчилгээг хийж, сэргээж байгаа.