Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюунжаргал: Энэ долоо хоногт аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр ирэх долоо хоногийн цаг агаарын нөхцөл байдлын төлвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал мэдээлэл өглөө. 

"Өнгөрсөн долоо хоногийн эхээр болон сүүлээр ихэнх нутгаар халсан. Ялангуяа энэ сарын 19,20-нд нутгийн зүүн хагаст нэлээд халсан бөгөөд их халдаг газруудаар +39 градус хүрсэн. Энэ их халалтын араас бороо орох нөхцөл бүрдэхээр усархаг, аянга цахилгаантай аадар бороо орох нөхцөл бий болдог тул бид иргэддээ анхааруулж байсан.

Энэ долоо хоног нь аянга цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи, мөндөр ажиглагдах нөхцөл бүрдсэн долоо хоног " гэдгийг тэрбээр мэдээллийн үеэр онцлов. 

Мөн "Энэ нөхцөл байдал нь өнөө маргаашдаа үргэлжлэх тул иргэдээ үер усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, өнөө шөнө, маргааш өдөртөө төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.

Өөрөөр хэлбэл, энэ долоо хоног харьцангуй бороотой долоо хоног болохоор ажиглагдаж байна. Ялангуяа нутгийн зүүн хагас болон өмнөд хэсгээр аадар бороо орох төлөвтэй.

  • 23-нд Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар
  • 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв зүүн говийн аймгуудын ихэнх нутгаар
  • 25, 28-нд нутгийн зүүн хагаст
  • 26-нд нутгийн зарим газраар
  • 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгийн уулаар цас орох төлөвтэй

23-24-нд шилжих шөнө буюу өнөө шөнө уулархаг нутгаар сэрүүхэн хонох бөгөөд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгийн уулаар цас орох нөхцөлтэй байгаа.  

Нөөлөг салхи буюу Монголчуудын хэлдгээр борооны өмнө шороо гэдэг үзэгдэл хүчтэй аадар борооны өмнө ажиглагддаг. Сая бас ажиглагдаж, салхины хурд 26-28 м/сек хүрсэн. Газар хуурай байгаа учраас хүчтэй шороон хана боссон.

Иймд маргаашаас эхлээд нөөлөг салхины үзэгдэл ажиглагдах бөгөөд температурын хувьд энэ долоо хоног өмнөх долоо хоногоос харьцангуй сэрүүсэхээр байгаа" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/588990477781350/videos/563089534569246/