Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНСУ өвчлөл өндөр байгаа улсаас ирэх хүмүүсийн тоог хязгаарлах арга хэмжээ авахаа мэдэгдсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

ДЭМБ-ын мэдээллээр өнгөрсөн Баасан гарагаас Бямба гарагт шилжих хооронд дэлхийн хэмжээнд 183 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

Энэ нь халдвар анх гарснаас хойш 24 цагийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Тухайн өдрийн шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 116 мянга нь Хойд болон Өмнөд Америкийн улсуудад бүртгэгдсэн байна.

АНУ

АНУ-д өчигдөр 32,400 гаруй тохиолдол, 560 нас баралт шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 2,248,000 гаруй болсон бол 119,600 гаруй хүн уг өвчний улмаас нас барсан талаар АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төв мэдээллээ.

Бразил

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17,600 гаруй тохиолдол 600 гаруй нас баралт нэмж бүртгэгджээ.

Халдвар өссөн дүнгээр Бразил улсын хэмжээнд 1,085,000 гаруй болж, 50,600 гаруй хүн эндээд байна.

ХБНГУ

ХБНГУ-д өчигдөр 687 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Тус улсын Умард Райн Вестфален мужид мах боловсруулах үйлдвэрт дэгдсэн голомтоос халдварласан хүний тоо нэмэгдсээр байна.

Ням гарагт тус улсад халдварын индекс огцом өсөж 2.88 хувь болжээ. Энэ нь 100 хүн халдвар авлаа гэхэд халдварыг цааш 288 хүнд боломжтой гэсэн үг.

БНСУ

БНСУ-д өчигдөр шинээр 17 тохиолдол нэмэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 11 нь дотоодын халдвар бөгөөд долоон тохиолдол нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдсэн байна.

Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд зургаадугаар сарын турш тус улсад өдөрт дунджаар 45.7 тохиолдол нэмэгдэж байгаа нь тавдугаар сарын дунджаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болохыг онцолсон. Мөн гаднаас зөөвөрлөгдөх тохиолдол ихсэж байгаа нь улсын хэмжээнд өвчнийг хяналтдаа авахад бэрхшээл учруулж болох тул өвчлөл өндөр байгаа зарим улсаас ирэх иргэдийн тоог хязгаарлах арга хэмжээ авч байгаа хэмээн мэдэгджээ.

Одоогоор тухайн хязгаарлалтад Бангладеш, Пакистан улс багтаж байгаа аж.

БНХАУ

БНХАУ-д COVID-19 халдварын 18 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 11 нь дотоодын халдвар бол долоо нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдваруудын ес нь Бээжин хотод, хоёр нь Хэбэй мужид бүртгэгдсэн байна.

Мөн өчигдөр шинж тэмдэггүй долоон тохиолдол нэмэгдсэнээс тав нь Бээжин хотод бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Шинфади хүнсний захын голомтоос халдвар авсан хүний тоо 236 болжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/693756377837321/?v=693756377837321

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.