Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид АНУ-ын нийслэл дэх генералын хөшөөг буулгаж, шатаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гараг нь АНУ-д боолчлох ёсыг халсны түүхэн ойн өдөр юм. Энэ өдрийг тохиолдуулан арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь генерал Альберт Пайкын хөшөөг буулган шатаажээ.

Альберт Пайк нь Америкийн иргэний дайны үеэр боолчлох ёсыг хамгаалж байсан өмнөдийн мужуудын холбооны удирдагчдын нэг байсан юм.

Тэмцэгчид 3.4 метр өндөр хөшөөг сууринаас нь татаж унагаад шатааж буйг харуулсан дүрс бичлэг сошиал сүлжээнд тарсан байна. Энэ үед цагдаа нар саад хийгээгүй өнгөрчээ.

Дараа нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Нийслэлийн цагдаа хөшөөг буулгаж, шатааж байхад гараа хөдөлгөлгүй хараад зогсож байлаа. Эдгээр хүмүүсийг баривчлах ёстой. Манай орны хувьд гутамшигтай явдал болж байна” гэж твиттер хуудсандаа харамсан бичсэн байна.

1901 онд босгосон генерал Пайкын хөшөө сүүлийн жилүүдэд маргааны нэг гол сэдэв болж байжээ.

Африк гаралтай иргэн Жорж Флоидын амийг цагдаа нар хөнөөсний дараа үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн ийнхүү уг маргаанд цэг тавьж байна.

Вашингтон хотын захиргаа болон иргэний хөдөлгөөнүүд хөшөөг буулгах хүсэлтийг холбооны засгийн газарт олон жилийн өмнөөс тавиад зөвшөөрөл хүлээж байв.

“1992 оноос хойш хотын зөвлөл генерал Альберт Пайкын хөшөөг буулгах хүсэлтийг Холбооны засгийн газарт тавьж байсан. Хамгийн сүүлд 2017 онд бид хүсэлтээ шинэчилж Конгресст илгээсэн юм” гэж Вашингтон хотын зөвлөл твиттер хуудсандаа мэдээлжээ.

Сүүлд гаргасан хүсэлтдээ Альберт Пайкыг иргэний дайны дараах Ку Клукс Клан бүлгийн толгойлогч байсан гэдэг үндэслэл гаргасан юм байна.

Эх сурвалж: The Guardian