Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 өвчний эмчилгээний төхөөрөмжийн наймаанаас ашиг хүртсэн Зимбабвегийн эрүүл мэндийн сайд баривчлагдав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Covid-19 өвчний эмчилгээнд ашиглах зорилгоор Зимбабве улсын засгийн газар $60 саяын үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаж авахаар болсон юм.

Тэгвэл энэ наймааг хийхдээ нийлүүлэгчээс авлига авсан хэргээр тус улсын эрүүл мэндийн сайд Обадя Моёог өчигдөр цагдаа нар баривчилжээ.

Өнгөрсөн долоо хоногт энэхүү нийлүүлэлтийг хариуцаж байсан Drax International компанийн Зимбабве улс дахь төлөөлөгч Дэлиш Нгуваяа гэдэг хүнийг энэ хэрэгтэй холбогдуулан баривчилж байв.

2017 онд цэргийн эргэлтээр дарангуйлагч Роберт Мугабег унагасан Зимбабве улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва авлигын хэрэг илэрсэнтэй холбогдуулан дээрх наймааг хүчингүй болгожээ.

Африк тивийн өмнөд хэсэгт оршдог Зимбабве улсад коронавирусийн халдварын 500 орчим тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас бараад байгаа.

Тус улсын эдийн засаг сүүлийн арав гаруй жилийн турш гүн хямралд орж, авлига нэмэгдсэн нь үнэндээ цар тахлаас илүү аюултай гамшигт тооцогдож байна.

 

Эх сурвалж: Reuters