Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчөөр “хийл шиг” тоглодог гэж Жон Болтон ярьсныг Оросын тал няцаав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны дурсамж номыг тойрсон дуулиан тасрахгүй байна.

Цагаан ордонд жил гаруй хугацаанд ажилласан тухай дурсамжаа тэр “The Room Where It Happened: A White House Memoir” гэсэн нэртэй ном болгосон нь ирэх долоо хоногт худалдаанд гарах гэж байгаа юм.

Пүрэв гарагт Болтон номныхоо талаар ABC News сувагт ярихдаа АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын харилцааны талаар хөндсөн байна.

“Миний бодлоор Путин манай ерөнхийлөгчөөр ‘хийл мэт’ тоглож болно гэж боддог. Путин бол ухаалаг, хэрсүү хүн. Тэр лав манай ерөнхийлөгчийг хэцүү өрсөлдөгч гэж хардаггүй” гэж Болтон ярьжээ.

Тэр цааш нь “Дэлхийн тавцан дахь Оросын байр суурь, стратегийг бүх насаараа судалж, ойлгосон Путин шиг хүнтэй энэ талаар огт мэддэгүй, сонирхдоггүй Дональд Трампыг харьцуулахад л Америк ямар хүнд байдалд байгааг мэдэж болно” гэж ярьсан юм.

Болтоны ярилцлага цацагдсаны дараа Баасан гарагт сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ талаар тодруулахад ”Үгүй. Путин Трампаар хийл шиг тоглож чадахгүй” гэж товч хариулжээ.

Дональд Трамп нь 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо ОХУ-ын дэмжлэгийг авсан гэх хардлага одоо болтол яригддаг.

Болтоны ярьсан зүйл дээрх хардлагад нэмэр болж магадгүй юм.

Болтоны номонд Трамптай холбоотой өөр олон ноцтой баримт бичигдсэнийг хэвлэлүүд мэдээлж байгаа.

Тухайлбал тэр Финланд улсыг Оросын нэг хэсэг байсан эсэхийг туслахуудаасаа асууж, Их Британи улс цөмийн зэвсэгтэй гэдгийг мэддэггүйгээ харуулж, Хятадын төрийн тэргүүнээс дахин сонгогдоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн зэрэг баримтууд бичигджээ.

 

Эх сурвалж: Reuters