Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Тамир: Нэр дэвшигчийн тодорхой нэг постыг тодорхой нэг хаягнаас 3-72 удаа шэйрлэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

"УИХ-ын 2020 оны сонгуульд хийж буй Иргэний нийгмийн ажиглалт” сэдэвт хэвлэлийн хурлыг Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1536733076493387/

"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-нээс 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл явцад

  • хэвлэл мэдээллийн мониторинг,
  • сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг,
  • сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг,
  • нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг,
  • санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн таван чиглэлээр мониторинг хийж эхлээд байгаа билээ. 

Энэхүү мониторингын явцын талаар хоёр дахь удаа мэдээлэл хийж байгаа нь энэ юм. 

Өмнөх мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу. 

Сонгуулийн автоматжуулсан системийн хөндлөнгийн хяналтын явц 

МИДАС төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захира С.Энхжаргал: Сонгуулийн саналыг автоматаар тоолох болсон нь 2008 оны УИХ-ын сонгуулиар томсгосон тойргуудад гараар санал тоолоход ажиглагдсан зөрчлүүдээс улбаатай бөгөөд 2012 оны сонгуулиас эхлэн санал тоолох сканнер хэлбэрийн хагас автоматжуулсан системийг ашиглах болсон билээ.  Энэхүү санал тоолох төхөөрөмж нь сонгуулийн хэсгүүд дээр санал тооллогын урьдчилсан дүнг гарган дамжуулахад ашиглагддаг.
 

Санал тоолох явцын ил тод, хяналттай байдлыг хангах үүднээс тухайн хэсэгт хураасан саналын зургийн файлыг бүх ажиглагчдад сиди дээр бичиж өгдөг. Сиди дээр бичихдээ саналын нууцлалыг хадгалах үүднээс файлуудыг санамсаргүй байдлаар хольж бичдэг. Нам, эвсэл, бие даагчдын ажиглагчид үүнээс хэвлэж эсвэл дэлгэцнээ гарган тоолж үр дүнг тулгах боломжтой. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн хуулийн 71.15-д заасны дагуу Хяналтын тооллого хийх журмаар тойргийн хэсгүүдээс 50 хүртэлх хувийг санамсаргүй байдлаар сонгож сонгогдсон хэсгүүд дээр саналыг гараар тоолж баталгаажуулдаг билээ.  

2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавилаа. Нам, эвслийн ажиглагчдын хувьд 19 нэгжээс 7 нь хөндлөнгийн ажиглалтад оролцлоо. Эрх  авсан нам, эвслийн төлөөлөгчид СЕХ-ны Мэдээллийн технологийн ажлын хэсэгтэй техникийн зөвлөгөөн хийж хэдийд хэрхэн шалгах хуваариа тохиролцсон бөгөөд  ажиглагчид өөрсдийн хүсэлтээр тойргоо сонгосон болно.

МИДАС ТББ бүх нам эвслийн хөндлөнгийн тестэд байлцаж арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.  Санал тоолох төхөөрөмжийн тестийг хийхдээ СЕХ-ны гэрчилгээжүүлж, ачуулахаар бэлтгэсэн төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонголт хийж бодит саналын хуудаснаас 20  хуудас авч дараах тестүүдийг хийж үзлээ. Үүнд:

  • Санал огт тэмдэглэгдээгүй хуудас уншуулах 
  • Нэр дэвшигч тус бүрт өгсөн саналыг бүрэн уншиж байгаа эсэх, 
  • Холимог байдлаар уншуулах, 
  • Мандатын тооноос дутуу,
  • Мандатын тооноос  илүү санал бөглөсөн, 
  • Өөр тойргийн саналын хуудас,
  • Хүчингүй болгосон (зүүн дээд, баруун дооод) саналын хуудасуудыг уншиж байгаа эсэх,  
  • Цагийг өөрчилж “Цагийн бөмбөг” шалгах, 
  • Толгой цэвэрлэх хуудас  уншуулсны дараа, 
  • Цахилгаан тасарсан үед аккумлятораар ажиллах
  • Мөн мэдээлэл дамжуулах, серверийн дүн, CF картад бичигдсэн зургийн файл тулгалт хийх шалгалтуудыг хийж туршиж үзэхэд хүлээгдэж байсан үр дүнтэй нийлж  тестийг бүрэн давсан болно.

 Сонгогчдын нэрийн жагсаалтад хийж буй мониторингийн явц

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 43 хороодоос сонгуулийн 2тойргийн зааг болох 6 хороод, захын байршлын 1 буюу нийт сонгуулийн 18 хэсгийн хороодыг сонгон ажилласан. Үүнээс:

  • 17 хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалттай цаасан хэлбэрээр нь танилцсан. Эдгээрээс 22 мэдээллийг сонгон хаягаар нь шалгаж баталгаажуулалт хийсэн.
  • Нэг хаяг дээр 130 хүн бүртгэлтэй, хаягаар нь шалгахад халамжийн төв байсан. 
  • Ижил овог, ижил нэртэй ихэр хүмүүс байдаг.
  • Овог өөр, ижил нэртэй, нас чацуу хүмүүс 1 хаяг дээр байдаг. (ах дүүсийн хүүхдүүд)
  • Бүртгэлтэй хаяг дээрээ байнга оршин суудаггүй.
  • Өмнө нь оршин сууж байсан иргэд хорооноос хасалтаа хийлгэдэггүй. Үүнээс үүдэн нэг хаяг дээр олон иргэн бүртгэлтэй байдаг.
  • Хаягаар нь очиж баталгаажуулах гэсэн боловч тухайн үед эзгүй байж таарсан 29 хаяг байна. (дахин баталгаажуулах)
  • Ижил нэртэй ойролцоо регистрийн дугаартай хүмүүс
  • Хаягийн асуудал
  • Айлууд хаягаа тодорхой мэдэхгүй.
  • Хашаан дээрх өмнө өдөр байсан тоотын дугаар маргааш нь өөрчлөгдсөн.
  • Хаягаар нь газар дээр нь очиж шалгахад олдохгүй. /задгай буюу хаягжилтгүй айлуудыг нийлүүлээд 0 эхлүүлээд нэг болгон бүртгэсэн/
  • Задгай 01, 02 гэж бүртгэдэг зарим 1-тэй давхар
Баянзүрх дүүрэг: Иргэдийн мэдээллийн дагуу (25-р тойрогт бие даан нэр дэвшигч Анхбаяр) баталгаажуулалт хийсэн. БЗД, 2-р хороо, 100 (нэг хаяг дээр 46 хүн оршин суудаг тухай)Бие даагч Анхбаярын хийсэн мэдэгдэлтэй холбоотой асуудлыг судлахад 99 тоотоос цааш хашаа байгаагүй. Харин задгайд байгаа айлуудыг нийлүүлж бүртгэснээс түүвэрчлэн шалгасан. Бидний зүгээс бүх тойрог хэсэгт хүрч ажиллах боломжгүй тул нам, эвсэл, бие даагчдыг энэ талаар илүү түлхүү ажиллахыг уриалж байна. 

Телевизүүдэд төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгийн эзлэх хувь өсч байна 

Глоб Интернэшнл төрийн бус байгууллага Б.Онон: Телевизийн мониторингийн 2 дахь үеийн дүн гарлаа. Энэ нь сонгуулийн албан ёсны сурталчилгааны дунд үе буюу зургаадугаар сарын 8-14-ний өдрүүдийг хамарч байна. Мониторингд МҮОНТ, ТV9, MN25, NТV, UBS гэсэн 5 телевизийг хамрагдсан. 

Мониторингийн хамрагдах хугацаанд 5 телевизийн 611 цаг 26 минут 49 секундын эфирийн бичлэгт мониторинг хийснээс 96 цаг 18 минут 09 секунд нь буюу 16% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Энэ нь нэгдүгээр үеийн мониторингтой харьцуулахад 2 пунктээр өссөн байна.

МҮОНТ-ийн нам эвслүүдэд ойролцоо цаг хуваарилжээ. Тухайлбал МАН-д хамгийн их цаг оноосон нь 19%-тай тэнцсэн бол АН-д 15% оногджээ. Бусад нам эвслүүдэд 12%-иас доош хугацаатай тэнцэх цаг ногдуулжээ.  Харин арилжааны телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 49%-иар давамгайлсан юм. Таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр МАН 54%, АН 29%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ-д 16%-ийг эзэлсэн бол “TV9” телевиз6%-тай тэнцэх цаг оноосон нь арилжааны телевизүүдийн хамгийн өндөр үзүүлэлт байв.

Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

 

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв Ц.Тамир: Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн зургаадугаар сарын 2-14-ний өдрийг дуустал хугацааг хамрав. Хотын төвийн болон орон нутгийн тодорхой нэг тойрогт нэр дэвшиж буй АН, МАН болон гуравдагч хүчнээс тус бүр нэг, нийт 9 нэр дэвшигчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч дүн шинжилгээ хийлээ. 

  • Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 13 хоногийн хугацаанд сонгон авсан нэр дэвшигчдийн ФБ хуудастаа өдөрт дунджаар 8-12 постыг оруулж байна. 
  • Нэр дэвшигчийн постыг нэг ижил хүн 3 ба түүнээс дээш удаа шэйр хийж буй тохиолдлуудыг баримтжууллаа. Бүх нэр дэвшигч дээр ийм тохиолдлууд бүртгэгдэв. 
  • Тухайлбал, нэр дэвшигчийн тодорхой нэг постыг тодорхой нэг хаягнаас 3-72 удаа шэйрлэж байна.
  • Нэр дэвшигчдийн нэг пост дунджаар 80 орчим сэтгэгдэл авч байна. 
  • Сэтгэгдлийн агуулгад дүн шинжилгээ хийж үзвэл 99 хувь нь эерэг сэтгэгдэл байна. Энэ үзүүлэлт судалгаанд хамрагдсан бүх нэр дэвшигчдэд адил байна. Эерэг сэтгэгдэл нь ихэвчлэн амжилт хүссэн, дэмжиж буйгаа илэрхийлсэн, өмнө хийж гүйцэтгэсэн ажлуудыг нь онцолсон, УИХ гишүүнээр сонгогдох ёстой хүн гэсэн өнцгөөр бичигдсэн байв.  
  • Зохион байгуулалттайгаар сэтгэгдэл бичиж буй байдалд өгсөн үнэлгээ. Нэр дэвшигч бүрийн бүх постууд дээр дор хаяж 10-30 хүн (фэйсбүүк аккаунт) нэг агуулга бүхий сэтгэгдэл бичиж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан.