Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19 нь улирлын томуугийн вирус шиг дулаан цагт намжиж алга болохгүйг анхааруулсаар байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирус улирлын томуугийн вирус шиг дулаан цагт намжиж алга болохгүйг анхааруулсаар байна.

АНУ

АНУ-д зургаадугаар сарын 18-ны өдөр 22,800 тохиолдол, 754 нас баралт нэмж бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2,155,000 гаруй болсон бөгөөд үүнээс 117,600 хүн энджээ.

Халдвар тус улсын Аризона, Флорида, Техас зэрэг мужид эрчтэй тархаж байна.

Бразил

Бразил улсад өчигдөр 22,700 гаруй шинэ тохиолдол, 1,238 нас баралт бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 978 мянгад хүрлээ.

Мөн тус улсын хэмжээнд уг өвчний улмаас нийт 47,700 гаруй хүн нас барав.

Сүүлийн 24 цагт тус улсад 19 мянган хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 482 мянга гаруй болсон сайн мэдээ байна.

Одоогоор Бразил улсад 448 мянга гаруй хүн идэвхтэй халдвартай байгаа юм.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 46 тохиолдол, дөрвөн нас баралт шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын 43 нь дотоодын халдвар байсан бол үлдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

БНСУ

БНСУ-д сүүлийн 24 цагийн дотор шинээр 49 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 32 нь дотоодын халдвар байжээ.

Мөн шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 26 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдсэн бол Тэжонь хотод дахин зургаан тохиолдол нэмэгдсэн байна. 

Харин гаднаас 17 тохиолдол тус өдөр зөөвөрлөгджээ.

Пүрэв гарагийн байдлаар,

  • Сөүл хот орчмын жижиг сүмүүдээс үүдэлтэй халдварын тохиолдол 119
  • Гэрийн хүргэлтийн үйлчилгээнээс халдвар авсан хүний тоо 180-д хүрээд байна.

БНСУ-д халдварын шинэ голомтууд илэрч, тохиолдлууд нэмэгдсээр байгаа нь вирусийн тархалтад цаг агаарын дулаан байдал нөлөөлөхгүй байгааг харуулж байна хэмээн БНСУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс анхаарууллаа.

Зуны амралтын улирал ирсэн учраас хүмүүсийн зорчих хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр халдварын тархалт өсөж байгаа тул аль болох олноороо зорчихгүй байх хэрэгтэй.

Мөн хүн олноор байсан газар задгай талбайд ч халдвар авах эрсдэл байгаа тул амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатайг ард иргэддээ сануулжээ.

Амны хаалтгүйгээр хүнтэй ойрын зайнаас харилцах нь халдвар тараах, халдвар авах эрсдлийг бий болгох тул хамт хооллох үедээ ч зайтай суух болон бага ярих шаардлагатайг мөн анхааруулав.

БНХАУ

Пүрэв гарагт БНХАУ-д 32 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 28 нь дотоодын, дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Дотоодын халдварын 28 тохиолдлын 25 нь Бээжин хотод бүртгэгдсэн байгаа юм.

Түүнчлэн шинж тэмдэггүй халдварын таван тохиолдол тус улсад өчигдөр нэмж бүртгэгдсэн тухай БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Зургаадугаар сарын 11-ний өдөр анх халдвар батлагдсанаас хойш Шинфади хүнсний захаас эх уурхайтай тохиолдлын тоо 183 болжээ.

Бээжинд гарсан халдварыг бусад орон нутагт зөөвөрлөгдөх эрдлээс сэргийлж, Бээжин хотоос гарах зорчих хөдөлгөөнд зарим шаардлагыг нэвтрүүлсэн байна.

Тухайлбал, Бээжингээс гарах иргэд заавал нуклейн хүчлийн шинжилгээн хийлгэж, сөрөг гэсэн гэрчилгээг үзүүлж байж орон нутгийн галт тэргээр зорчих аж.

Гэхдээ гэрчилгээ нэг долоо хоногийн хүчинтэй байх юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3311624072184143/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.