Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хөгжлийн банк “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх $30 саяын зээлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулахаар төлөвлөж буй эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн чухал бүрэлдэхүүн болох “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэхэд зориулан 30 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк (АХБ) шийдвэрлэлээ.   

Хил дээрх ачаа тээврийн удаашрал, дэд бүтцийн хангалтгүй байдал болоод зохицуулалтын орчин сул зэрэг нөхцөл нь Монгол Улсын ДНБ-ний 62 хувийг бүрдүүлдэг экспортын салбарын хөгжлийг хойш татаж буй бөгөөд үүний улмаас худалдааны өртөг өрсөлдөхүйц байж чадахгүй байгаа юм. Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээс үүдсэн цар тахал нь эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлж буй бөгөөд энэхүү цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт нь олон улсын худалдааг өргөтгөх шаардлагыг улам бүр нэмэгдүүлсээр байна. 

Тэгвэл энэхүү төслийн хүрээнд чөлөөт бүсийн дэд бүтэц, түүнд шаардагдах байгууламжуудыг шинээр барьж байгуулах, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах болон чөлөөт бүсийн оновчтой менежментэд чиглэгдсэн үйл ажиллагаанууд хэрэгжинэ.

Эдгээрийн үр дүнд хувийн хэвшлүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх суурь, таатай орчин нөхцөл бүрдээд зогсохгүй худалдааг идэвхжүүлэх, хурдацтай хувьсан өөрчлөгдөх дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд зохицох боломж Монгол Улсын хувьд бүрдэх юм. Мөн төслийн үйл ажиллагааны хүрээнд нэвтрүүлэх боомтын програм хангамж нь хилийн хяналтын байгууллагуудын мэдээллийн системийг нэгтгэх, улс дотроо болон хил дамнан БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох нэмэлт боломжийг олгох юм. Ийнхүү эдийн засгийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагаа болон систем хоорондын харилцан үйлчлэл сайжирснаар хилийн хяналт болон эрсдэлийг удирдах чадамж нэмэгдэх бөгөөд иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа эргэлт илүү аюулгүй, түргэн шуурхай болох ач холбогдолтой.   

2025 оны 12-р сард хэрэгжиж дуусах энэхүү төслийн нийт өртөг 35.76 сая ам.доллар бөгөөд үүнээс 5.76 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх юм. 

“Замын-Үүд” чөлөөт бүс нь хөл хөдөлгөөн ихтэй олон улсын хилийн боомтын зэргэлд оршдог тул тухайн орон нутгийн эдийн засаг төдийгүй иргэдийн амьжиргаа нь хил дамнасан худалдаа наймаа, түүний эргэлтээс ихээхэн хамааралтай байдаг. 

“Энэхүү төсөл нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, улмаар бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэн орох, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр түлхэц болох юм” гэж АХБ-ны Бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн Доротеа Лазаро онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр “Тухайн чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг бүтээн байгуулж, улс хоорондын харилцаа холбоог сайжруулснаар АХБ нь Монгол Улсын худалдааны өртгийг бууруулах тал дээр тодорхой хувь нэмэр оруулна” хэмээн онцлов.