Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Өмнөх буюу зургаадугаар сарын 15-нд болсон шүүх хуралдаанаас С.Баярцогт, Д.Ганболд нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тус бүр 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Мөн С.Баярт таван тэрбум, Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн. 

 

Өнөөдрийн хуралдаанд С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан болон бусад шүүгдэгчид бүгд ирснээр шүүх хуралдаан эхэлсэн байна. 

Ташрамд дурдахад, шүүгдэж буй долоон хүнээс гурав нь буюу С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Д.Ганболд Хөвсгөл аймагт, Б.Бямбасайхан Дархан-Уул аймагт нэр дэвшиж байгаа билээ. 

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын долоон хүнд Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 /263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,

Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 /2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,

22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 /1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн билээ.