Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд Антарктидаас олдсон нууцлаг зүйлийг 68 сая жилийн настай өндөг болохыг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Олон жилийн турш эрдэмтэд Антарктидаас олдсон хийгүй бөмбөг шиг зүйлийг юу болохыг тогтоож чадахгүй байсан юм. Уг сонин олдвор Чили улсын музейд нууцыг нь тайлахыг хүлээн хадгалагдаж байжээ.

Эрдэмтэд үүнийг юу гэж нэрлэхээ мэдэхгүй байсан тул “The Thing” гэж нэрлэж байв. Тэгвэл өнөөдөр хэсэг эрдэмтэд үүнийг 68 сая жилийн настай, эрт галавын амьтны зөөлөн хальстай өндөг гэж тайлбарлажээ. Өндөг нь устаж үгүй болсон аль нэг хэвлээр явагч далайн амьтных байх боломжтой гэнэ.

29 см ба 20 см хэмжээтэй уг өндөг нь өнөөдрийг хүртэл мэдэгдэж буй амьтдын өндөгнүүдээс хэмжээгээрээ хоёрдугаарт бичигдэж байна.

Хамгийн том нь дээрх өндөгнөөс арай том хэмжээтэй Мадагаскарын заан шувууны өндөг юм. Нисэж чаддаггүй энэ аварга шувуу хэдэн зууны өмнө устаж алга болжээ.

Шувууд, матарнууд, олон төрлийн үлэг гүрвэлүүд бүгд хатуу хальстай өндөг гаргадаг бол Антарктидын өндөг нь зөөлөн хальстайгаараа онцлог.

“Энэ бол Антарктид тивээс олдсон анхны өндөг бол өнөөдрийг хүртэл олдсон хамгийн том зөөлөн хальстай өндөг юм” гэж Техасын их сургуулийн палеонтологич Лукас Лежендре ярьжээ. Тэрбээр энэхүү нээлтийг хийсэн судалгааны багийн ахлагч бөгөөд тайлан нь өчигдөр Nature сэтгүүлд нийтлэгдсэн юм.

“Энэ өндөг яг хий нь гарсан хөлбөмбөгийн бөмбөг шиг. Нэг тал нь хавтгай байгаа нь далайн ёроолд хэвтэж байсныг харуулж байна. Хальс нь яг гүрвэл, могойн өндөгнийх шиг маш нимгэн, бэхжээгүй байжээ” гэж Лежендре тайлбарлаж байна.

Өндгөн дотор үр хөврөлийн ямар нэг үлдэгдэл байхгүй байгаа тул яг ямар амьтны өндөг болохыг тогтоож чадахгүй байгаа ажээ. Эрдэмтдийн таамаглаж байгаа амьтад нь 15 метр урт биетэй мозазавр, 10 метр урт биетэй плезиозавр хэмээх далайн хэвлээр явагчид юм байна.

Эдгээр амьтад 66 сая жилийн өмнө астероид дэлхийд унахад үлэг гүрвэлүүдтэй цуг устжээ.

Өндгийг 2011 онд Чилийн их сургууль, Чилийн байгалийн түүхийн музейн эрдэмтэд Антарктид тивээс олж байв.

 

Эх сурвалж: AFP