Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирийн агаарын температур түүхэндээ байгаагүй хэмжээгээр нэмэгдсэнийг цаг уурчид мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2020 онд коронавирусийн цар тахалтай холбоотой эдийн засгийн сул зогсолт дэлхийн агаар мандалд хөргөх нөлөө үзүүлсэн ч Сибирийн агаарын температурын өсөлт энэ оныг дэлхийн түүхэнд хамгийн халуун жил болгохоор байгааг цаг уурчид мэдээлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Сибирийн зарим хэсэгт агаарын температур жилийн дунджаас Цельсийн 10 хэмээр өндөр байсныг Европын Холбооны C3S (Copernicus Climate Change Service) байгуулага өчигдөр мэдээлсэн байна.

Сибирийн баруун хойд бүсэд тавдугаар сард тохиолдсон халалт нь хүний оролцоогүйгээр 100,000 жил тутамд нэг удаа тохиох ховор үзэгдэл болохыг Дани улсын Цаг уурын хүрээлэнгийн судлаач Мартин Стендел онцолжээ.

“Энэ бол аюулын дохио гэдэг нь эргэлзээгүй. Зөвхөн тавдугаар сард Сибирьт ингэж халаагүй. Жил бүрийн өвөл, хаврын саруудад дунджаас дээгүүр халалт ажиглагдаж байна” гэж C3S байгууллагын ахлах судлаач Фрэя Вамборг ярьжээ.

Оросын Росгидромет цаг уурын хүрээлэнгийн судлаач Марина Макарова “130 жилийн өмнө бүртгэж эхэлсэн цагаас хойш энэ өвөл Сибирь хамгийн их халсан. Жилийн дунджаасаа Цельсийн 6 хэмээр илүү дулаарлаа” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар “Умард туйлын бүсийн зарим хотууд мөнх цэвдэг дээр байгуулагдсан байдаг. Хэрвээ мөнх цэвдэг гэсэж эхэлбэл юу болохыг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол маш ноцтой асуудал” гэж ярьж байжээ.

Сибирьт жил бүр гарах болсон ойн түймэр, цагаан эрвээхийн үржил, хүний гараар бий болсон бохирдол дулаарлын гол шалтгаан гэж судлаачид үзэж байна.

 Саяхан энэ бүс нутагт их хэмжээний дизель түлш асгарч, ОХУ онц байдал зарлаж байв. 

 

Эх сурвалж: The Guardian