Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань улс Монгол улсыг коронавирусийн эрсдэл багатай орнуудын тоонд оруулж, бизнес аялагчдад нь хилээ нээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Тайвань улсын эрх баригчид коронавирусийн бага болон дунд эрсдэлтэй орнуудын бизнес аялагчдыг богиносгосон хугацаагаар тусгаарласны дараа хилээрээ нэвтрүүлэхээр болсныг өнөөдөр зарласан байна.

Зургаадугаар сарын 22-ноос эхлэн хэрэгжих энэхүү журмын дагуу бага эрсдэлтэй орнуудаас бизнесийн зорилгоор ирсэн хүмүүс тав хоног тусгаарлагдах бол дунд эрсдэлтэй орнуудын зорчигчид долоо хоног тусгаарлагдах ажээ.

Үүнээс гадна эдгээр зорчигчид өөрсдөө оношлуурын зардлаа төлж, шинжлүүлбэл дээрх хугацааг дуусгалгүйгээр тусгаарлалтаас гарч болох юм байна.

Коронавирусийн эрсдэл багатай орнуудад Шинэ Зеланд, Австрали, Макао, Палау, Фижи, Бруней, Вьетнам, Хонг Конг, Тайланд, Монгол, Бутан зэрэг улс, бүс нутгууд багтжээ.

Харин дунд эрсдэлтэй орнуудад Өмнөд Солонгос, Япон, Малайз, Сингапур багтсан байна.

Гэхдээ дээрх журмаар ирэх бизнес аялагчдад Тайваньд гурван сараас хэтрэхгүй хугацаагаар саатах, коронавирусийн эрсдэл багатай орнуудаар дамжиж ирэх зэрэг шаардлагууд тавигдах ажээ.

 

Эх сурвалж: Taiwan News