Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусгүй Шинэ Зеландад гадаадаас халдвар тээгчид ирсний дараа хилийн хяналтыг армид шилжүүлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тахлыг амжилттай дарж чадсанаа зарлаад удаагүй байсан Шинэ Зеланд улсын эрх баригчид алдаа гаргаж, гадаадаас ирсэн хоёр халдвар тээгчийг хилээрээ нэвтрүүлснийг өчигдөр мэджээ.

Тус улсад өчигдрийг хүртэл 24 өдрийн турш ганц ч халдварын тохиолдол илрээгүй байсан юм.

Хилийн хяналтынхан саяхан Их Британиас ирсэн хоёр эмэгтэйг оношлолгүйгээр тусгаарлалтаас гаргажээ. Тэднийг Оклэнд хотоос нийслэл Веллингтон хүртэл 650 км хол аялсных нь дараа халдвар тээгчид болохыг тогтоожээ. Одоо тэдэнтэй ойр хавьтсан 320 орчим хүнийг эрэн сурвалжлах, тусгаарлах ажил эхэлсэн байна.

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн хил хяналтын ажилтнууд ноцтой алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч, өнөөдрөөс эхлэн гадаадаас зорчин ирэгсдийг тусгаарлах байруудын харуул хяналтыг тус улсын зэвсэгт хүчний мэдэлд шилжүүлж байгааг зарласан байна.

Таван сая орчим хүн амтай Шинэ Зеланд улсад коронавирусийн халдварын 1,506 тохиолдол илэрснээс 22 өвчтөн нас барж байв. Тус улс цар тахалтай хамгийн үр дүнтэй тэмцсэн хэмээн магтагдаж, олон улсад жишиг болж байлаа. Ерөнхий сайд Жасинда Ардерн хэдийгээр халдварын тохиолдол дахин илэрсэн ч Шинэ Зеланд улсын “коронавирусээс чөлөөлөгдсөн орон” статус хэвээр хадгалагдана гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP