Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БОЛОМЖУУД НЭМЭГДСЭЭР БАЙНА

ikon.mn
2020 оны 6 сарын 17
Санхүүгийн Зохицуулах Хороо
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах референт Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн үед хөрөнгийн зах зээл дээр нэлээдгүй ажил хийж байх шиг байна.

Хэдийгээр Covid-19 цар тахал манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн бодлогын томоохон арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал манай улсын үнэт цаасны төлбөр тооцооны систем маань урьдчилсан төлбөр тооцооны систем буюу арилжаанд оролцохдоо хөрөнгө оруулагчид 100 хувь мөнгөө урьдчилж байршуулсан байх шаардлагатай байсан. Гэтэл хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад голчлон дараа төлбөр тооцооны системийг ашигладаг бөгөөд гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцохдоо тавьдаг суурь шаардлагуудын нэг нь дараа төлбөр тооцооны систем юм. Манай улсын хувьд төлбөр тооцооны системийг шинэчлэх талаар өмнө олон жил судлагдаж, зах зээлд шаардлагатай гэдгийг тодорхойлоод туршиж байсан боловч хараахан бодит ажил болж чадалгүй өдий хүрсэн. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос энэ ажлыг эрчимжүүлэх, зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд онцгой анхаарч дэд бүтцийн байгууллагууд болон бусад оролцогч байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс үнэт цаасны дараа төлбөр тооцооны горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг амжилттай нэвтрүүлж чадсан.

Үнэт цаасны төлбөр тооцооны дараа төлбөрт горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг зах зээлд нэвтрүүлснээр гадаадын томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын дотоодын зах зээлд хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлж, төлбөр тооцоо, өмчлөх эрхийн бүртгэл олон улсын жишиг нийцэх буюу дэлхий нийттэй нэг хэлээр харилцах боломж бүрдэж, үнэлгээний олон улсын байгууллагууд манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээг дээшлүүлэх боломж бүрдээд байна. Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх шинэчлэлийн хүрээнд цаашид үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн ажиллагаанд мэргэжлийн оролцогч төвтэй дансны тогтолцоог бүрдүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэгч үнэт цаасыг зээлдүүлэх харилцаа бий болж, дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, зах зээлийн үр ашигтай байдлыг дээшлүүлэх боломж бүрдэх юм.

Бид энэ мэтчилэн Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, Зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, Хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлэх, Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын уялдаа, үр ашигтай байдлыг сайжруулах чиглэлүүдээр тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

-Саяхан Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар хамтын хөрөнгө оруулалтын санг бүртгэсэн байсан. Үүний талаар тодруулна уу.

Тиймээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэж, олон нийтээс хөрөнгө татах зөвшөөрлийг олгож хөрөнгийн зах зээл дээр нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо. Өөрөөр хэлбэл 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулиар хөрөнгө оруулалтын сан нь хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болохоор заасан боловч хамтын хөрөнгө оруулалтын сангаар үүсгэн байгуулагдаж байгаа анхны сан нь болж байгаагаараа онцлог юм.

Мөн Хорооны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 146 дугаар тушаалаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэх журам”-ыг батламжилсан нь хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг тодорхой болгож, сан байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл уг сангийн нэгж эрх хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалагдах бөгөөд хөрөнгө оруулагчид шинэ төрлийн бүтээгдэхүүн авах боломжтой боллоо гэсэн үг юм.

-Та хөрөнгө оруулалтын сан, түүний онцлогийн талаар манай уншигчдад товч тайлбарлаж өгч болох уу?

Тэгэлгүй яахав. Хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулагчид хамтран хөрөнгөө нийлүүлэн гэрээний үндсэн дээр мэргэжлийн этгээдээр хөрөнгөө удирдуулж, үр ашигтай хэрэгсэлд байршуулах замаар өгөөж, ашиг хүртдэг санхүүгийн хэрэгсэл бөгөөд мэргэжлийн этгээдээр хөрөнгөө удирдуулах нь бие дааж хөрөнгө оруулалт хийхтэй харьцуулахад хямд өртгөөр хөрөнгө оруулах боломжийг нэгж эрх эзэмшигчдэд олгож, оруулсан хөрөнгөд ногдох нэгж эрхийг эзэмшүүлдгээрээ онцлогтой.

Олон улсын практикт хөрөнгө оруулалтын сангийн маш олон төрлүүд байдаг хэдий ч нэгж эрхийн үнэ цэнэ, борлуулагдах төрлөөр нээлттэй болон хаалттай сан гэж ангилагдах боловч үйл ажиллагаанд баримтлах стратеги, менежментийн арга барил, хөрвөх чадвар, зохицуулалт зэргийг харгалзан хөрөнгө оруулалтын сангуудыг ерөнхийд нь хедж сан, хамтын хаалттай, нээлттэй хөрөнгө оруулалтын сан, хувийн хөрөнгө оруулалтын сан /PEF/ болон бирж дээр арилжаалагддаг сан /ETF/ гэх зэргээр ангилагддаг.

Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагыг Санхүүгийн зохицуулах хорооноос Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллага хэрэгжүүлдэг. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хаалттай эсхүл нээлттэй төрөлтэй байдаг бол хувийн хөрөнгө оруулалтын сан нь зөвхөн хаалттай төрөлтэй байдаг. Манай улсад одоогийн байдлаар нийт 22 хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үүсгэн байгуулж, удирдаж буй 15 хөрөнгө оруулалтын сан бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр сангууд нь бүгд хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Харин энэ удаа хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан байгуулагдаж хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдах нь зах зээл дээр хөрөнгө оруулах боломжтой шинэ бүтээгдэхүүн бий болж, хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц болно гэж итгэж байна.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын сангууд нь 10 хүртэлх жилийн хугацаатай байгуулагддаг тул урт хугацаанд хэрэгжих дэд бүтэц, хөгжлийн шинжтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх буюу хөрөнгө оруулах боломжтой байдаг. Энэ нь манай улсад нэн чухал хэрэгцээтэй томоохон төслүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалтын сангуудын үүрэг оролцоо нэн чухал болохыг харуулж байгаа юм. Ийм ч учраас Хорооны зүгээс хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулах буюу олон улсын жишигт нийцсэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Сүүлийн үед хөрөнгийн зах зээл дээр “Бодь даатгал” ХХК хувьцаагаа олон нийтэд амжилттай санал болгосон бол “Лэндмн ББСБ” ХК нээлттэй бонд гаргаж, захиалга авч эхлээд байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

“Бодь даатгал” ХХК нь үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж, анхдагч зах зээл дээр хувьцаагаа амжилттай арилжаалж чадсан нь хөрөнгийн зах зээлд хувьцаа, бондоо гарган санхүүжилт татахаар төлөвлөж буй бусад аж ахуйн нэгжүүдэд зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлж, боломж бололцоо байгааг харуулсан үйл явдал болсон гэж үзэж байна.

Харин компанийн нээлттэй бонд Монголын хөрөнгийн бирж дээр 2017 оноос хойш гараагүй байсан бол Санхүүгийн зохицуулах хорооноос “Лэндмн ББСБ” ХК-ийн 5 тэрбум төгрөгийн “Лэнд бонд”-ыг олон нийтэд арилжаалах зөвшөөрлийг олгоод байна. Иргэд, хөрөнгө оруулагчдын хувьд компанийн бонд нь ихэвчлэн арилжааны банкны хадгаламжийн хүүгээс өндөр хүү /купон/-тэй байдаг бөгөөд нээлттэй зах зээл дээр арилжаалагдах бондын хүүгийн орлогын татвар хадгаламжийн хүүгийн орлогын татвар /10 хувь/-аас 2 дахин бага буюу 5 хувь байдаг тул илүү өгөөж хүртэх боломжтой санхүүгийн хэрэгсэл юм. Мөн банкны хадгаламж нь хугацаа дуусахаас нааш та хадгалуулсан мөнгөө авах боломжгүй, авсан ч тухайн хугацаанд хуримтлуулсан хүүгээ алдах эрсдэлтэй байдаг бол компанийн бонд нь хөрвөх чадвартай буюу хугацаа дуусахаас өмнө хоёрдогч зах зээл дээр арилжих замаар мөнгөө эргүүлэн авах, ашиг хүртэх боломжийг олгож байдаг. Харин бонд гаргагч компаниудын хувьд компанийн бонд нь арилжааны банкны зээлийн хүүгээс бага хүүгээр олон нийтээс хөрөнгө босгож өөрсдийн бизнес, төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх боломжийг олгодог давуу талтай бүтээгдэхүүн юм.

-Компанийн бондын зах зээл тэгвэл илүү хөгжих боломжтой зах зээл гэж ойлгох нь зөв үү?

Хөрөнгийн зах зээл нь илүү өргөн ойлголт бөгөөд олон төрлийн санхүүгийн хэрэгслийг багтааж ойлгох хэрэгтэй. Компанийн бонд нь үүний зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн юм. Харин өнөөгийн хөрөнгийн зах зээлийн хөгжил, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг үнэлж үзээд Хорооны зүгээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд бондын зах зээлийг түлхүү анхаарч, эрх зүйн орчныг сайжруулж, бонд гаргах процессыг хялбаршуулах, бүтээгдэхүүн нэр төрлийг нэмэгдүүлэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх 2 дахь үе шатны төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох судалгаа хийх, бодлогын зөвлөгөө боловсруулах, зэрэглэл тогтоох байгууллагын тогтолцоог судлах, биржийн бус арилжааны эрх зүйн зохицуулалт, тогтолцооны зарчмыг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Мөн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-тай “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг энэ оны 5 дугаар сард байгуулаад байна. Санамж бичгийн гол зорилго нь ОУСК нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Монгол Улсад ногоон санхүүжилтийн зах зээл, ялангуяа ногоон бонд гаргахад чиглэсэн заавар, зөвлөмжийг боловсруулж, байгаль орчинд ээлтэй төсөл, бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Энэ ажлын хүрээнд байгаль орчин, нийгмийн болон засаглалын шаардлагуудыг санхүүгийн байгууллагуудын зээл, санхүүжилт олгох үйл ажиллагаанд нэвтрүүлэх, санхүүгийн салбарт уур амьсгалтай холбоотой эрсдэлийг үнэлэх, бодлого боловсруулах үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх юм.

-Төрөөс хэрэгжүүлэх түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны хөтөлбөрийн талаар асуух нь зүйтэй байх. Үүнийг хэрэгжүүлэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос хэрхэн оролцож байгаа вэ?

УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээг баталсан бөгөөд тус арга хэмжээний 6.5-д “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоонд өрсөлдөөн бий болгож, Нийслэлийн орон сууцны корпораци болон бусад холбогдох хуулийн этгээдэд шинээр шаардлагатай тусгай зөвшөөрөл олгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх талаар холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх”-ийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан.

Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос түргэн шуурхай ажиллаж Нийслэлийн Орон Сууцны Корпорациас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахтай холбоотойгоор хууль тогтоомж, зохицуулалтын орчны хүрээнд үнэт цаасжуулах процесс явуулах талаар хэлэлцэх, гарц шийдлийг гаргах уулзалтуудыг төрийн болон нийслэлийн холбогдох байгууллагуудтай хийж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах схемийн загварыг боловсруулсан.

Үүний үр дүнд Нийслэлийн орон сууцны корпорациас ирүүлсэн хүсэлтийн дагуу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зориулалтын компанийн зөвшөөрөл олгож, хуульд заасны дагуу хөрөнгө итгэмжлэн удирдах тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагад өгөхөөр ажиллаж байна.

Тусгай зориулалтын компани нь тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор өөрийн гаргах баталгаат үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхээр заасан байдаг.

Энэхүү хөтөлбөр нь ипотекийн зээлийн хөтөлбөрийг бодвол илүү хямд зардлаар орон сууцтай болох боломжийг хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнээр дамжуулан олгож байгаа бөгөөд цаашид энэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх замаар хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.