Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавируст халдвар авсан иргэдийн 75-78 хувь нь эмнэл зүйн хувьд хөнгөн явцтай байгаа"

Г.Номин, iKon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдвараар өвчилсөн нь батлагдан эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн биеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 56.3 хувь нь эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүмүүсийг сувилалд 14 хоног хянаад гэрт нь үргэлжлүүлэн 14 хоног хянаж байгаа. Одоогийн байдлаар сувилалд 70, гэртээ 24, хяналтаас гарсан 18 хүн байна.

Нийт батлагдсан тохиолдлын 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 11 хувь нь нэр бүхий есөн улс орноос орж ирсэн байна. Өвчлөгчдийн 63.9 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа. Насны хувьд 8-65 насны хүмүүс ба 15 хүртэлх насны таван хүүхэд, 50-аас дээш насны 13 хүн эмчилгээ хийлгэж байна.

Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 19,612 хүнд шинжилгээ хийсэн. Ард иргэдийн дунд коронавируст халдварын тархалтыг тандах зорилгоор долоо хоногт 70-90 хүнд шинжилгээ хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 98 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Коронавируст халдвар ард иргэдийн дунд хийсэн шинжилгээгээр илрээгүй байна.

"Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Ханги-Мандал боомтуудаар орж ирсэн жолооч нарт коронавируст халдвар илрээгүй"

Хилийн боомтуудаар орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нарт түргэвчилсэн тест болон лабораторийн шинжилгээ хийж байгаа. Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Ханги-Мандал боомтуудаар орж ирсэн жолооч нарт коронавируст халдвар илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн 2,000 гаруй хүнд шинжилгээ хийснээс дөрвөн жолоочид халдвар илэрсэн. Хоёр жолооч эдгэрч, ажиглалтад байгаа бол хоёр нь эмчилгээ хийлгэж байна.

Манай улсын хувьд голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийг шинж тэмдэг илрээгүй байхад нь буюу халдварын нууц үед эрт илрүүлж байгаа учраас эмнэл зүйн хувьд хөнгөн явцтай байгаа. Нийт өвчлөгчдийн 75-78 хувь нь хөнгөн, 17-18 хувь нь хүндэвтэр байсан бол хоёр хүн хүнд хэлбэрээр өвчилж, эмчилгээ хийлгээд эрүүл болсон байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/550682452291231/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.