Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс Умард Солонгосын утга учиргүй ааш занг цаашид тэвчихгүй гэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жоны гаргасан мэдэгдэлд харамсаж байгаагаа нэлээд хатуу үгээр илэрхийлжээ.

Өнөөдөр өглөө Ким Ёо Жоны гаргасан мэдэгдэлд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг хурцаар шүүмжилсэн юм. Саяхан хоёр Солонгосын анхны дээд хэмжээний уулзалт болсны 20 жилийн ойг тохиолдуулан Мүүн Жэ Ин үг хэлэхдээ 2018 оны уулзалтын үеэр хийсэн тохиролцооноосоо буцахгүй байхыг Умард Солонгосын талд уриалж байв.

Харин Ким Ёо Жон түүний хэлсэн үгийг “ичгүүргүй, худал хуурамч” гэж тодорхойлоод Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг бүдүүлгээр доромжилсон байна.

“Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг үндсэн зорилгоо ч ойлголгүйгээр бүдүүлэг үг хэллэг ашиглан дайрч доромжлох нь ямар ч утга учиргүй явдал юм. Умард Солонгосын бодлогогүй хоосон яриа, үйлдлийг бид цаашид тэвчихгүй. Энэ нь хоёр улсын удирдагчдын харилцан итгэлцэлд хортойгоор нөлөөлж байна” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны мэдэгдэлд өгүүлжээ.

Сүүлийн өдрүүдэд хоёр Солонгосын харилцаа эрс муудаад байгаа. Өчигдөр Умард Солонгос өөрийн нутаг дэвсгэрт оршдог хоёр талын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн юм. Дараа нь Өмнөд Солонгосын тал яриа хэлэлцээ хийхээр тусгай элч илгээх санал гаргасныг Пёньяны удирдагчид хүлээж аваагүй байна.

 

Эх сурвалж: Yonhap News