Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

БИД МЕНТОРУУДААСАА ЮУ СУРСАН БЭ?

ikon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбараас (The Young Professionals' Group - Mongolia Chapter) нийгмийн салбар бүрийн манлайлагчдаас бүтэн жилийн турш суралцах боломжийг залуучуудад олгохоор "Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр"-ийг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулжээ.

Энэхүү хөтөлбөрийг төгсөж буй залуус болон өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцсан менторуудаас нэг жилийн хугацаанд хэрхэн хамтран ажиллаж, ямар үр дүн гаргасан тухайгаа хуваалцсаныг хүргэж байна. 



"THE YOUNG PROFESSIONALS' GROUP"-ИЙН ТУХАЙ 

The Young Professionals’ Group буюу Залуу Мэргэжилтнүүдийн Групп нь анх 2000 онд АНУ-д үүсэж, өдгөө АНУ-ын гурван муж, Энэтхэг, Сингапур, Монгол Улсад салбаруудаа нээжээ. Уг хөтөлбөр нь 30 хүртэлх насны залуу мэргэжилтнүүдийг ирээдүйн зорилгодоо хүрэхэд туслах, хувь хүний хөгжил, карьераа ахиулахад дэмжих зорилгоор салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүд, захирлуудтай холбож, тэднээс суралцах боломжийг олгодог юм.

Монгол Улсад 2016 оноос "Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр" хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засаг, банк санхүү, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, уул уурхай, олон нийтийн харилцааны салбарын 48 лидер тус хөтөлбөрийн ментор болж, 48 залуу мэргэжилтэнтэй нэг жилийн турш хамтран ажиллажээ. Энэ жилийн хөтөлбөрт 12 ментор болон 12 ментий сонгогдсон юм.

ШИЛДЭГ МЕНТОР & МЕНТИЙ

 

Г.Баярхүү энэ жилийн хөтөлбөрийн "Шилдэг ментор"-оор шалгарсан бол А.Эрдэнэгарьд "Шилдэг ментий"-гээр шалгарчээ.

Bat Solution Partners компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү

Би өмнө нь олон хөтөлбөрийн ментороор ажиллаж байсан ч одоог хүртэл менторын арга ухаанд суралцсаар явна. Бид хоёулаа маркетингийн чиглэлээр ажилладаг учраас энэ тал дээр миний зүгээс зааж зөвлөх зүйл багагүй байсан. Надад ч ментийгээсээ суралцах зүйлс их байсан шүү. Нэг жилийн хугацаанд миний сошиал бүх хаягуудыг цэгцэлж, өөрийн подкастыг эхлүүлэхэд тусалж, удахгүй хэд хэдэн контент хийх төлөвлөгөө гаргасан. Тэр бүгдийг ментий маань надад зааж, удирдсан шүү дээ. Ер нь менторууд “би энэ хүүхдэд зөвлөнө” гэх хандлагатай байх арай буруу санагдаад байгаа юм. Тухайн хүний төлөв, зорилго, хандлагыг хамт байж л ойлгоно нь уу гэхээс ганц, хоёр өдөр хэсэгхэн ярилцаад амьдралыг нь шийдэх том асуудлууд дээр зөвлөнө гэж байхгүй. Зөвлөгөө өгнө гэж бодохоос илүү үүрэг даалгавар өгч, сайжруулах зүйлсийг нь олох нь зүйтэй. Мөн хамгийн гол нь өөрт нь энэ бүхэн таалагдаж байгаа эсэхийг нь сайн ажиглах хэрэгтэй. Тэрнээс нь би эргээд сэтгэл ханамж авна шүү дээ.

“Erxes” компанийн маркетингийн менежер А.Эрдэнэгарьд

Эхэн үедээ нэг л учраа олохгүй, ментортойгоо уулзах боломж хомс байлаа. Завгүй хүнтэй цаг гаргаж уулзана гэдэг багагүй сорилт болж байсан. Тиймээс хоёулаа ярилцаад харилцаагаа үр дүнтэй болгохын тулд нэг төсөл дээр баг болж хамт ажиллахаар шийдсэн. Ингээд ажил хэрэг болгоод эхлэхээр өглөөнөөс орой болтол хамт ажлаа ч хийж, ярилцах зүйлсээ ч ярилцаж, цагийг маш үр дүнтэй өнгөрүүлсэн. Мөн бусад ментий залуустайгаа найз нөхөд болж, нэг үеийн олон төрлийн ажил эрхэлдэг хүмүүсийн хүрээллийг бий болголоо. Ер нь, нэг салбарт ажилладаг ч бай, үгүй ч бай ментортой байна гэдэг маш том боломж юм шүү. Хэрэв тийм боломж гарвал тэр хүнтэйгээ хиймлээр ганц, хоёрхон удаа цаг товлож уулзах биш, бодит ажил хэрэг ярьж, аль ч талдаа ашигтай харилцааг тогтоогоорой. Тэгж чадвал менторынхоо байгаа байдал, үйл хөдлөлөөс нь аяндаа суралцаж, заавал хэлүүлэхгүйгээр хажуугаас нь хараад, туршлага судлах боломжууд их гарч ирнэ.

Д.ОНЧИНСҮРЭН & Ч.ДЭЛГЭРХОС

 

Делоитт Онч компанийн ерөнхий захирал Д.Ончинсүрэн

Бид компани удирдах явцад тулгардаг менежментийн асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдэх арга барил дээр илүү төвлөрч ажилласан. Би өмнө нь нэгэн орон нутгийн компанид ажиллаж байгаад Deloitte олон улсын компанийн Монгол дахь салбарыг удирдах болсноор хүмүүсийг удирдах арга барил, менежментийг эзэмших шаардлагатай болж байлаа. Тухайн үед бусдыг зөв удирдан чиглүүлж, үр дүнтэй ажиллуулахад хангалттай туршлага байгаагүй учраас Deloitte компанийн Ази Номхон Далайн салбарыг удирдан ажиллаж байсан мундаг эмэгтэйтэй холбогдож, ментороор ажиллах санал тавьж байсан. Тэр хүний надтай ажилласан арга барилыг үргэлжлүүлэн ментийдээ хүргэхийг хичээсэн. Ментийдээ бэлэн жор хэлж өгөхөөс илүүтэй асуудлыг өөрөөр нь шийдүүлэх, гаргалгаа олоход нь тусалсан гэж хэлж болно.

Юнител компанийн борлуулалт төлөвлөлтийн менежер Ч.Дэлгэрхос

Би нэг жилийн өмнө шинэ компанид менежерээр ажилд ороод удаагүй байсан учраас бусадтай харилцах, ажлуудаа зохицуулах менежментийн ур чадвартай болох зайлшгүй шаардлагатай байлаа. Тиймээс анх уулзсан өдрөөсөө ментороосоо энэ чадвараа сайжруулахыг хүсэж байгаагаа илэрхийлж, хамтдаа ажилласан. Ингэснээр магадгүй гурван жилд сурах ур чадварыг нэг жилийн хугацаанд сурч ойлгосон болов уу. Өмнө нь ажил дээр хүмүүс юунаас болоод ойлголцож чадахгүй асуудал үүсээд байгааг сайн ойлгодоггүй, зохицуулж сураагүй байлаа. Энэ тухай ментортойгоо ярилцахын тулд өмнө нь асуудлаа эргэцүүлж, нөхцөл байдлаа үнэлсний дараа ярилцдаг байв. Ингэснээр асуудал үүсэх шалтгааныг ч анзаарч ойлгодог болж эхэлсэн шүү.

Э.ОРЧЛОН & Н.ГАНЖИГҮҮР 

 

Newcom группийн ТУЗ-ийн гишүүн, "Clean Energy Asia" компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлон

Бид зан төлөв, ажиллаж буй салбар, хуримтлуулсан туршлагын хувьд тэс ондоо байсан учраас уг хөтөлбөрийн ачаар огт өөр салбарт ажилладаг залуутай танилцаж, ментийгээрээ дамжуулан IT салбарын тухай ойлголттой болоод зогсохгүй энэ салбарын залууст тулгамдаж буй буй асуудал бэрхшээлийг өөр дээрээ тусган авч, олон зүйл суралцлаа. Ийм хөтөлбөр байгаагүй байсан бол тэс ондоо салбарын бид хоёр тааралдахгүй л байсан болов уу. Өөрийн үүсгэн байгуулсан гарааны бизнесийг тогтвортой авч явахад хувь хүн болон бизнесийн ялгаа зааг нь бусдын компанид ажиллахтай харьцуулахад бүдэг байдаг. Тиймээс бид өөрийн хувийн асуудал болон бизнесийн сорилт, бэрхшээлийг ялгаж салгах, сэтгэл зүйгээ зөв удирдах, асуудлаа тодорхойлох тал дээр хамтдаа ажилласан гэж хэлж болно.

Fibo Cloud компанийн хамтран үүсгэн байгуулагч Н.Ганжигүүр

Би өмнө нь ажлынхаа ихэнх цагийг оффис дээрээ өнгөрүүлдэг, гэр, ажлын хооронд явдаг тогтсон хэмнэлтэй байлаа. Үүнийгээ өөрчилж, шинэ сорилт, шинэ хүмүүсийн хүрээлэлд орохоор энэ хөтөлбөрт хамрагдан, аз болж туршлагатай залуу захирлын ментийгээр сонгогдон, бүтэн жилийн хугацаанд хамтарч ажиллалаа. Найзуудтайгаа хамтран гарааны бизнес эрхэлж буй учраас компани өсөхийн хэрээр хэрхэн тогтвортой авч явах, сэтгэлзүйгээ яаж зөв удирдах тал дээрээ илүү ажилласан юм. Энэ дагуу эхний зургаан сард хувь хүний хөгжил, дараагийн хагас жилд бизнесийн тал дээр төвлөрч ажилласан. Ментортой болох гэж буй хүн бүхэн өмнө нь бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй санагдсан. Өөрийгөө одоо хаана явж байгаагаа, ирээдүйд юунд хүрэхээр зорьж байгаагаа мэдэхгүй байх үе бий. Түүнийгээ жагсааж бичээд ментортойгоо уулзахдаа аль асуудлаа гаргаж, ажиллахаа төлөвлөх нь зүйтэй. Ментор, ментийгийн харилцаа бол зөвхөн нэг нь сонсож, нөгөөх нь ярихаас илүү өргөн ойлголт гэж боддог. Уулзахыг хүссэн хүнтэйгээ өөрөө санаачилга гарган холбогдож, юу хүсэж байгаагаа нээлттэй илэрхийлэхээс эхлэх байх.

Ч.БОЛОРТУЯА & Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

iKon.mn сайтын ерөнхий редактор Ч.Болортуяа

Манай ментий өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаднын их сургуульд суралцахаар шалгалтууддаа бэлдэж, Аustralian Awards тэтгэлэгт тэнцсэн. Миний хувьд ч ажлынхаа хажуугаар сургуульд сурч байсан учраас хоёулаа завгүй өнгөрсөн. Д.Эрдэнэцэцэг социологийн мэргэжилтэй, уул уурхайн салбарыг сонирхдог, энэ чиглэлээр магистрт суралцах гэж буй бол миний хувьд 10 гаруй жил сэтгүүлчээр ажиллаж, энэ чиглэлээр багагүй сурвалжилга, нийтлэл бэлтгэж байсан учраас бид хоёр энэ сэдвээр илүүтэй төвлөрч ажилласан. Уул уурхайн чиглэлээр сурахдаа юунд анхаарах, цаашдаа ажлын карьерээ хэрхэн төлөвлөх зэргийг ярилцаж, өөрийн мэддэг бүхнээ хуваалцахыг хичээсэн. Ментор, ментий болох гэж буй хүмүүс хоорондоо төлөвлөгөөгөө сайн гаргаж ажиллах нь зүйтэй санагдсан. Мөн бие биенийхээ ажиллаж буй салбарыг сайн ойлгож, ньюансыг нь мэдэрдэг байх нь аль аль талдаа хэрэгтэй болов уу.

IRIM судалгааны хүрээлэнгийн төслийн менежер Д.Эрдэнэцэцэг

Хөтөлбөрийн сургалтууд, ментортойгоо хийх уулзалтыг “Gap moment” гэж нэрлэж болох юм. Өдөр тутам хийж буй ажлаасаа хөндийрч өөр хүмүүстэй уулзаж, ярилцах нь маш их эрч хүч өгсөн шүү. Олон сонирхолтой түүхийг бүтээж, эргэн тойрондоо өөрчлөлт, шинэчлэлийг бүтээж яваа хүмүүсийн яриаг сонсох нь урам зориг өгч, аль болох боломжоо ашиглаж, өөрчлөлт хийх сэдэл төрүүлсэн. Би ментортойгоо анх уулзахдаа асуух асуултаа бэлдээд, төлөвлөгөө гаргаад очсон чинь надаас асуух 10 асуулт бэлдчихсэн хүлээж байсан. Тэр 10 асуултаар миний тухай шаардлагатай бүх мэдээллийг олж, намайг хэн болох, юу хийж байгаа, цаашид яах гэж байгааг олж мэдсэн гэж хэлж болно. Менторын маань ажил мэргэжлийн онцлог, туршлага нь бидний харилцааг илүү уян хатан, чөлөөтэй болгоход тусалж, намайг чиглүүлсэн. Манай ментор миний сурах гэж буй сургуульд өмнө нь очиж сургалтад хамрагдаж, тэнд энэ чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн туршлагыг судалж байсан учраас Австралийн их сургууль, уул уурхайтай холбоотой маш үнэтэй мэдээллийг өгч, шаардлагатай хүмүүстэй холбож өгсөн нь миний цаг хугацааг маш хэмнэж өгсөн.

 

 

 

Эх сурвалж: Posted.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.