Франц улсын зүүн бүсийн Дижон хотод гарсан эмх замбараагүй байдал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Умард Африкаас гаралтай иргэд голлон амьдардаг тус хотын ядуу дүүрэг Гресиллд уг хэрэг гарсан юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус дүүрэгт 16 настай чечень залуу халдлагад өртсөнөөс бүх зүйл эхэлжээ.
Залуугийн өшөөг авахаар хотын чеченүүдээс гадна Францын өнцөг булан бүрээс, хөрш Бельги, Германаас чечень иргэд Дижонд ирцгээсэн байна.
Даваа гарагийн орой нүүрэндээ баг зүүж, зэвсэглэсэн этгээдүүд Гресилл дүүрэгт цугларан агаарт хий буудаж, хяналтын камернуудыг эвдэн, хогийн сав, автомашинуудыг шатааж эхэлжээ.
Цагдаа нар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хүчирхийллийг зогсоож, дөрвөн этгээдийг баривчилсан байна.
Францын дотоод хэргийн дэд сайд Лорен Нюнез өчигдөр тус хотод очиж, танхай этгээдүүдийн үйлдлийг таслан зогсооход бүх хүчээ дайчлахаа амлажээ.
Тэр бас зэвсэглэсэн цагдаагийн хүчийг Дижонд нэмэлтээр илгээж, нөхцөл байдал сайжрах хүртэл байрлуулахаа мэдэгдсэн байна.
Сайн чанарын хоол хүнсээрээ алдартай Дижон хотод гарсан энэ хэрэг Франц орныг цочроож, олон улс төрчид байр сууриа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Эммануэл Макроны бодлогыг шүүмжлэгч, хэт барууны үзэлтэй улс төрч Марин Ле Пэн өчигдөр Дижон хотод очсон байна. Тэрбээр нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа хэвлэлийн хурал зохион байгуулах ажээ.
Марин Ле Пэн тус хотын дарга, социалист улс төрч Франсуа Рэбсаменыг хүчирхийллийг зогсоох хангалттай арга хэмжээ авч чадаагүй, хотод дэг журам сахиулахад муу анхаарч байна гэж шүүмжилсэн юм.
Сүүлийн өдрүүдэд АНУ-д африк гаралтай иргэн цагдаа нарын гарт амь үрэгдсэн хэрэгтэй холбоотой арьс өнгөний үзлийн эсрэг жагсаал тэмцэл Франц даяар өрнөж, нөхцөл байдал хүнд байхад ийм хэрэг гарсан байна.
Эх сурвалж: The Guardian