Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн халдвар дахин дэгдэхээс сэргийлж сонор сэрэмжээ улам чангатгах шаардлагатайг ДЭМБ анхаарууллаа"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн дахинд COVID-19-ийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

ДЭМБ-ын ерөнхий захирал сүүлийн хоёр долоо хоногт дэлхий даяар халдварын тохиолдол өдөр бүр 100 мянгаар нэмэгдэж байгааг онцолжээ.

Тус хугацаанд дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь Америк болон Өмнөд Азийн бүсийн 10 гаруй улсад төвлөрч байгаа юм.

Мөн БНХАУ-ын Бээжин хотод халдвар дахин сэргэсэнтэй холбоотойгоор тус хотод илэрсэн вируст генетикийн нарийвчилсан судалгаа хийгдэж буй бөгөөд тодорхой дүгнэлт гараагүй байна. Халдварын тархалтыг хязгаарлаж чадсан улс, орнууд халдвар дахин сэргэхээс сэргийлж сонор сэрэмжээ улам чангатгах шаардлагатайг ДЭМБ-аас анхааруулжээ.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр зургаадугаар сарын 14-ний өдөр тус улсад 21,900 гаруй тохиолдол, 373 нас баралт шинээр бүртгэгджээ.

Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2 сая 85 мянга гаруй хүрч, 115,600 гаруй хүн эндсэн байна.

Бразил

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20,600 гаруй тохиолдол, 627 нас баралт шинээр бүртгэгдлээ.

Тус улсын батлагдсан халдварын нийт тохиолдол 888,200 гаруйд хүрсэн бөгөөд 43,959 хүн уг өвчний улмаас энджээ.

24 цагийн хугацаанд 23 мянга орчим хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 412,200 гаруй болсон бол одоогоор нийт 432 мянган хүн идэвхтэй халдвартай байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Чили

Өмнөд Америкийн Чили улсад халдвар идэвхтэй тархаж байгаа бөгөөд халдварын тоогоор Чили улс дэлхийн хэмжээнд 12 дугаарт бичигдэж байгаа юм. 

Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид өдөрт дунджаар 5,000 гаруй хүн халдвар авч байна.

Тус улсын нийслэлд халдвар эрчимжиж, эмнэлгийн ор болон хангамжийн нөөц хүрэлцэхгүй болсны улмаас Чили улсын ерөнхийлөгч нийслэл Сантьяго хотод бүрэн хөл хорио тогтоох зарлиг гаргажээ.

Зургаан сая гаруй хүн амтай тус хотын хувьд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хүнс болон зайлшгүй шаардлагатай үйлчилгээг авахаас бусад тохиолдолд гадагш гарахыг хоригложээ.

Чили улс гуравдугаар сарын дундаас улсын хэмжээнд зарласан онц байдлаа дахин 90 хоногоор сунгасан байна.

Япон

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн халамжийн яамны мэдээлснээр зургаадугаар сарын 15-ны өдөр 76 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Шинэ тохиолдлуудын 62 нь дотоодын халдвар бол 14 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Тус улсын хэмжээнд 890 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 71 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д зургаадугаар сарын 15-ны өдөр 34 шинэ тохиолдол, нэг нас баралт шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын 21 нь дотоодын халдвар байна.

 Жижиглэн хүргэлтийн үйлчилгээнээс эх уурхайтай голомтоос дахин таван хүн халдвар авч, тухайн голомтоос 169 халдварын тохиолдол батлагджээ.

Сүмүүдтэй холбоотой халдварын тохиолдол 110 болсон байна.

Ахмад настнуудын өдрийн халамжийн голомтоос Даваа гарагийн байдлаар нийт 19 хүн халдвар авсан байна.

Зургаадугаар сарын 1-14-ний өдрүүдэд тус улсад бүртгэгдсэн 618 тохиолдлын 63 нь буюу 10.2 хувь нь халдвар хаанаас авсныг нь тогтоох боломжгүй байсан гэдгийг БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр 40 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 27 нь Бээжин хотод бүртгэгдсэн бөгөөд сүүлийн таван хоногт Бээжинд 106 тохиолдол батлагдаад байна.

Түүнчлэн Хэбэйд 4 болон Сычуань мужид  нэг тохиолдол бүртгэгдсэн бол найман тохиолдол гаднаас зөөвөрлөгджээ.

Сычуань хотод бүртгэгдсэн нэг тохиолдол нь Бээжин хотын тохиолдолтой ойрын хавьтал буюу гэр бүлийн хүн байжээ.

Улмаар тус эмэгтэйтэй ойрын хавьтал болсон 110 хүнийг олж, шинжилгээ хийж байгаа аж.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/267448031004775/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.