Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ өглөөг залуус авчирна

Б.Ану
2020 оны 6 сарын 16
iKon.MN
 

Удахгүй болох УИХ-ын сонгуульд залуусын оролцоог урьд урьдынхаас илүү онцолж, залуусын ирцийг нэмэгдүүлэх олон санаачилга гарч байгаагийн нэг нь “Өглөө” төсөл юм.

Залуус улс төрд идэвхгүй, сонирхолгүй, оролцоогүй байна гэх шүүмжлэл их гардаг ч чухам яагаад оролцохгүй байгаа, ямар шалтгаантай талаар судалгаа тийм ч олон биш.

Иймд тус төслөөс 18-25 насны сонгогчдын дунд залуусын улс төрийн идэвх оролцооны талаар судалгааг зохион байгуулжээ. 600 гаруй залуус оролцсон уг судалгаагаар олон сонирхолтой үр дүн гарснаас дараах 3 дүгнэлтийг онцолж байна.  

  • Залууст мэдээдэл хэрэгтэй байна - Өнгөрсөн удаагийн сонгуульд 23% нь нэр дэвшигчдийн талаар хангалттай мэдээлэл авч чадаагүй учир сонголтоо хийгээгүй гэжээ. Мөн түүнчлэн сонгуульд хаана, хэрхэн оролцох, сонголтоо хэрхэн зөв хийх талаар мэдээлэл дутмаг байдаг талаар дурдсан байна.
     
  • Залуус нам бус байна - Судалгаанд оролцсон залуусын 86% нь аливаа нам, эвслийг онцгойлон дэмждэггүй гэжээ. Харин өнгөрсөн сонгуульд оролцож, санал өгсөн залуусын 9% нь л тухайн нэр дэвшигчийн намыг нь харгалзаж дэмжсэн бол 33% нь нэр дэвшигчийн карьерийн замнал, боловсрол мөн итгэл даах чадвар зэргийг гол үзүүлэлтээ болгожээ.
     
  • Тэдний асуудлыг анхаарах цаг нь болжээ – Залуусын санааг зовоосон, шийдэхийг хүссэн гол асуудлуудад боловсролын чанар, ажилгүйдэл, тэгш бус байдал, авлига хээл хахууль орсон байна. Маш олон залуу ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн чанарт сэтгэл хангалуун бус буйгаа удаа дараа илэрхийлсээр байгаа энэ үед улс төрчид энэ асуудлыг чухалчилж авч үзэх шаардлагатай байгаа юм.
 

Энэ жилийн УИХ-ын сонгуульд санал өгөх боломжтой 18-34 насны залуус нийт сонгогчдын 42.1 хувийг эзэлж байгаа нь тэд ямар хүчтэй бүлэг болохыг харуулж байна.

“Өглөө” кампанит ажлыг Зориг сан, UBP Media хамтран USAID, IRI, The Asia Foundation дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд аянаар дамжуулан залуусын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, тэнцвэртэй, үнэн бодит, хараат бус мэдээллийг шинэлэг байдлаар хүргэж байгаа юм.

Өнөөдөр өглөө гэхэд залуусын хамгийн их санааг зовоож буй боловсролын чанар, хүртээмжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Видео: Хэлэлцүүлгийг бүрэн эхээр нь үзэх,

https://www.facebook.com/uglooo/videos/264049841524169/

"Өглөө" төслийн хүрээнд залуусын өмнө тулгамдаж буй асуудлаар санал авахаар Хүүхдийн ордны гадаах талбайд санал өгөх хайрцаг ажиллуулж байна. 

 

Тус аяны талаар Facebook, Instagram-аас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.