Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос хил дээрээ цэрэг байрлуулна гэж Өмнөд Солонгосыг сүрдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун охин дүү Ким Ёо Жоны хамт

Хоёрхон жилийн өмнө хоёр Солонгос дундын хилээ цэрэг зэвсэггүй болгох тохиролцоонд хүрч байсан бол өчигдөр буюу Даваа гарагт Умард Солонгосын тал энэ тохиролцооноосоо буцаж, хилийн шугамыг дахин цэрэгжүүлэхээр Өмнөд Солонгосыг сүрдүүлжээ.

Пёньяны суртал нэвтрүүлгийн KCNA (Korean Central News Agency) агентлагийн мэдэгдэлд “Манай зэвсэгт хүчин нам засгийнхаа өгсөн ямар ч үүрэг даалгаврыг түргэн шуурхай, бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай бол хилийн шугамыг бат цайз хэрэм болгон хувиргаж, Өмнөд Солонгосын эсрэг сонор сэрэмжээ өндөржүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

2018 онд хоёр Солонгосын удирдагчид уулзахдаа талуудын сөргөлдөөнийг бууруулах хэд хэдэн чухал арга хэмжээ авсан юм. Үүнд хилийн харуулын 22 постыг буюу хоёр талын тус бүр 11 постыг татан буулгаж, цэрэг, зэвсгээ татах тохиролцоонд хүрч байв.

Хилийн дагуу Өмнөд Солонгос харуулын 60 посттой, Умард Солонгос 160 орчим посттой гэсэн тоо байдаг.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нартай хэд хэдэн удаа уулзсан ч сүүлийн үед Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны санаа хувирч, үндэс угсаа нэгтэй өмнөд хөршөө сүрдүүлэх нь нэмэгдээд байна.

Энэ сарын эхээр Умардын тал Өмнөдтэй харилцдаг бүх харилцаа холбооны шугамаа тасалсан юм. Хоёр орны харилцаа муудахад Өмнөд Солонгост байгаа Умард Солонгосын дүрвэгчид гол үүрэг гүйцэтгэж байна.

Эдгээр дүрвэгчдийн зарим хэсэг нь Пёньяны дэглэмийг шүүмжилсэн агуулгатай суртал нэвтрүүлгийн материалуудыг хилийн шугам давуулан Умард руу илгээж байгаа.

Пёньян уг үйл ажиллагааг зогсоохыг Өмнөдийн талаас шаардсаар байна. Эхэндээ Өмнөд Солонгосын эрх баригчид дүрвэгчдийн үйлдлийг ил тод дэмждэггүй ч бас хориглодоггүй байсан бол одоо хуулиар хориглох асуудал яригдаж эхэлжээ.

Өмнөд Солонгостой дайсагнасан бодлогыг Ким Жон Уны дүү охин Ким Ёо Жон удирдан зохион байгуулж байгаа гэгддэг. Сүүлийн үед Ким Жон Ун түүнийг улсынхаа хоёр дахь хүний байр сууринд тавих болсон нь олон үйл явдлаас харагдаж байна.

 

Эх сурвалж: Business Insider