Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Захиргааны хэргийн шүүх Ц.Сандуйг нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-нд даалгажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын сонгуультай холбоотой захиргааны хэргүүд болон олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр 60 тэрбумын гэх хэрэгт холбогдсон Ц.Сандуйгийн талаар мэдээлсэн юм. 

Ц.Сандуй нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. 

Уг нэхэмжлэлийн дагуу зургаадугаар сарын 2-нд захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан байна. Улмаас зургаадугаар сарын 3-ны өдөр хариуцагч буюу СЕХ шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авчээ. 

Ийнхүү 2020 оны зургаадугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуйг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгажээ. 

60 тэрбумын гэх хэргийг эргэн сануулахад, 2019 оны аравдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Давж заалдах шатны шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд тавдугаар сарын 25-нд хуралдсан анхны шатны шүүхээс хэргийг прокурорын хяналтад буцаажээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан хэмээн мэдээлсэн юм.