Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Европын сансрын хөлөг наранд ойртох анхны оролдлогоо амжилттай гүйцэтгэжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Европын сансар судлаачдын хөөргөсөн SolO (Solar Orbiter) хөлөг өнөөдөр наранд ойртох анхны оролдлогоо амжилттай гүйцэтгэжээ.

Их Британид Airbus компанийн угсарсан SolO хөлгийг энэ оны хоёрдугаар сард Европын Сансрын Агентлаг ESA нарыг судлах зорилгоор сансарт хөөргөж байв.

Өнөөдөр уг хөлөг наранд 77 сая километрийн зайд ойртсон байна. Энэ нь Сугар, Буд гарагуудын тойрог замын завсарт хүрсэн гэсэн үг юм.

Цаашдаа SolO хөлөг наранд 43 сая километр хүртэл ойртох төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийг хүртэл SolO-гоос гадна ердөө таван хөлөг нарны системийн гүн рүү нэвтрээд байна. Эдгээр нь Mariner 10, Helios 1 ба 2, Messenger, Parker Solar Probe хөлгүүд юм.

Манай дэлхий нь нарнаас дунджаар 149 сая километрийн зайд оршдог. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд SolO хөлөг дээр байрлуулсан шинжлэх ухааны 10 багаж төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, жигдрүүлсэн юм.

2021 онд бүх багаж төхөөрөмж нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх ажээ.

Хөлгийн дараагийн том даалгавар нь арванхоёрдугаар сарын сүүлээр Сугар гарагийн гадаргууд 500,000 км ойртох юм.

Одоогоор наранд хамгийн их ойртож чадсан хөлөг нь АНУ-ын Parker Solar Probe юм. Тус хөлөг сүүлд наранд 19 сая километр ойртож чаджээ.

 

Эх сурвалж: BBC