Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс Дональд Трампын төрсөн өдөрт өвөрмөц бэлэг барилаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Израйлийн засгийн газар өөрийн булаан эзэлсэн Голаны өндөрлөгт “Трампын өндөрлөг” нэртэй шинэ суурин байгуулахад $2.3 саяыг төсвөөс гаргах болсноо Ням гарагт зарласан нь АНУ-ын ерөнхийлөгчийн 74 насны төрсөн өдөртэй давхцжээ.

Ерөнхийлөгч Дональд Трампын нэрэмжит суурин байгуулах нь Израйль улсын төлөө байгуулсан гавьяаг нь үнэлсэн хэрэг юм гэж тус мэдэгдэлд тайлбарласан байна.

Трампын өндөрлөгт орон сууц барих ажил сар хүрэхгүй хугацаанд эхлэх бөгөөд энэ оны сүүлээр эхний 20 гэр бүл шинэ байранд нүүж орох ажээ.

Голаны өндөрлөгийг Израйль улсын газар нутаг гэж хүлээн зөвшөөрсний хариуд Трампын нэртэй сууринг энэ бүс нутагт байгуулахаа Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху жилийн өмнө амлаж байв.

АНУ-ын энэ алхмыг дэлхийн олон улс орон харамсан хүлээж авсан бөгөөд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Голаны өндөрлөгийн статус хэвээр хадгалагдахыг мэдэгдэж байжээ.

Израйль улс стратегийн ач холбогдолтой Голаны өндөрлөгийг 1967 онд Сири улсаас булаан эзэлж, 1981 онд өөрийн газар нутгаар зарласан юм. Гэвч дэлхийн улс орнууд үүнийг бараг 100 хувь хүлээн зөвшөөрдөггүй ажээ.

 

Эх сурвалж: Russia Today