Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 74 нас хүрсэн Дональд Трампын эрүүл мэнд хэвлэлүүдийн анхаарлыг татав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 74 нас хүрсэн юм.

Харин Бямба гарагт буюу төрсөн өдрийнхөө өмнөх өдөр Трампын гаргасан зарим үйлдэл түүний эрүүл мэндийн асуудалд хэвлэлүүдийн анхаарлыг татсан байна.

Энэ сарын эхээр түүний эрүүл мэндийн үзлэгийн дүн гарахад бага зэрэг илүүдэл жинтэйгээс бусдаар хэвийн байсан юм. Бямба гарагт тэр Нью Йоркийн Уэст Поинт дахь цэргийн академийн төгсөлтийн баярт зочилсон байна.

Тэнд үг хэлсний дараа Трамп индрээс буухдаа нэлээд болгоомжтой алхаж байжээ. Энэ талаар тэр сүүлд твиттер хуудсандаа “Уэст Поинтын төгсөлтийн баярт үг хэлээд буцахдаа би маш урт, налуу, бариулгүй, хамгийн гол нь халтиргаатай замаар явсан. Үүнээс болоод хуурамч хэвлэлүүдийн амны зугаа боллоо. Сүүлийн хэдэн метрт би гүйж буусан юм шүү” гэж тайлбарлан бичжээ.

Гэхдээ тухайн үед цаг агаар хуурай байсан тул шал нойтон халтиргаатай байх үндэсгүйг хэвлэлүүд мэдээлсэн байна.

 Үүнээс гадна Трамп үг хэлэхдээ АНУ-ын армийн домог болсон генералуудын нэрийг дахин дахин буруу хэлж байжээ. Жишээ нь генерал Даглас Макартурын нэрийг ярианыхаа туршид “Макгартер” гэж буруу дуудаж байв.

Өөр нэг анхаарал татсан үйлдэл нь Трамп баруун гараараа аягатай ус авч уухдаа гараа дээш өргөж чадалгүй, зүүн гараараа дэмжиж байжээ.

Хэдийгээр Трампын эрүүл мэндтэй холбоотой асуудал үе үе яригддаг ч тэр ирэх сонгуульд өөртэй нь өрсөлдөх Жо Байденыг үргэлж бие султай гэж шүүмжилдэг. Байден түүнээс гурван насаар ах юм.

Гуравдугаар сард Трамп өрсөлдөгчөө “бие бялдрын хувьд ч, оюун санааны хувьд ч сул дорой” гэж тодорхойлж байв. Саяхан зургаадугаар сарын 11-ний өдөр тэр твиттер хуудсандаа Байденыг “өмнөхөөсөө их өөрчлөгдсөн, удаан хөдөлгөөнтэй болсон” зэргээр бичиж байжээ.

2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Хиллари Клинтон өвдөхөд Трамп ийм бие муутай хүн ерөнхийлөгч болж чадахгүй гэж мэдэгдэж байв.

Тухайн үед Трампын эмч байсан Харольд Борнштейн түүнийг “гайхалтай эрүүл саруул, эрч хүчтэй хүн” гэж тодорхойлж байсан юм.

Харин 2018 онд Борнштейн CNN сувагт ярихдаа дээрх тодорхойлолтыг Трамп өөрөө хэлж бичүүлснийг илчилж байжээ.

 

Эх сурвалж: AFP