Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэтхэг улс коронавирусийн халдварын тоогоороо дөрөвдүгээрт бичигдлээ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн дахинд COVID-19-ийн тархалтын нөхцөл байдал болон сүүлийн үед хийгдэж буй вакцин, эмчилгээний туршилтын талаар мэдээллийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

АНУ

6 дугаар сарын 13-ны өдөр АНУ-д 22,300 гаруй коронавирусийн халдварын шинэ тохиолдол, 711 нас баралт нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 2 сая 38 мянга гаруйд хүрснээс нийт 114,600 гаруй хүн эндсэн талаар тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.

Тус улсын халдварын голомтын цөм байсан Нью Йорк муж улсад 6 дугаар сарын 12-ны өдөр халдвар анх бүртгэгдсэн цагаас хойших хамгийн эндэгдэл бага буюу 12 нас баралт бүртгэгдсэн байна.

Мөн өдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо тус мужид 1,734 байгаа нь гуравдугаар сарын 20-ны өдрөөс хойших хамгийн бага үзүүлэлт болсон талаар мужийн захирагч мэдээлжээ.

Нью Йорк мужид одоогийн байдлаар халдварын индекс 0.77 байна.

Харин шинээр халдвар авсан болон эмнэлгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоогоор Флорида, Аризона, Техас, Калифорна, Арканзас, Юта, Миссипи муж улсууд хамгийн өндөрт бичигдэж байна.

Бразил

Бразил улсад өчигдөр 21,700 гаруй шинэ тохиолдол, 892 нас баралт нэмж бүртгэгдэн батлагдсан халдварын тохиолдол 850,500 гаруй, нас баралт 42,720 болж нас баралтаар АНУ-ын ард буюу дэлхийн хэмжээнд хоёрдугаарт бичигдэж эхэллээ.

Тус улсад халдвар авч эдгэрсэн тохиолдол 379,000 гаруйд хүрсэн бол 428,000 гаруй хүн халдвартай байна гэж мэдээлсэн байна.

Энэтхэг

БНЭУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 11,000 гаруй тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 309,000 болж дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна.

Хятад

БНХАУ-д өчигдөр шинээр 57 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 38 нь дотоодын халдвар бөгөөд 36 нь нийслэл Бээжин хотод бүртгэгджээ. Үлдсэн хоёр тохиолдол нь тус улсын зүүн хойд мужид бүртгэгдсэн. Энэ хоёр нь Бээжин хотод батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байжээ.

Бээжин хотод батлагдсан тохиолдлуудын зам мөрийг хөөж үзэхэд дүүргийн Фэнтай Шинфади хүнсний бөөний худалдааны захтай тархвар зүйн хувьд холбоотой болохыг тогтоосон байна. Уг зах болон ойролцоох нийт 11 байрыг бүхэлд нь хааж хөл хорио тогтоосон ба дээрх захад ажилладаг 10,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Мөн тус улсад 10 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж, шинж тэмдэггүй халдварын 9 тохиолдлыг нэмж бүртгэсэн байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2643355265912367/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.