Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Амгаланбаяр: Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор 500,000 орчим м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн халдварын үед ариутгал, халдваргүйтгэл хэрхэн хийгдэж байгаа талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр мэдээлэл өглөө.

"Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 8 багт хуваагдан ажиллаж байна.

Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор нийт 220 удаагийн дуудлагыг авч:

  • тусгаарлан ажиглах байрны 271 өрөө
  • тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн 11,631 ширхэг гар тээш, хувийн эд зүйлс, 296,030 кг ачаа тээш
  • 104 агаарын хөлөг
  • 320 тээврийн хэрэгсэл
  • 13 чингэлэг
  • 31 галт тэрэг зэрэг 500,000 орчим м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлж байгаа юм.

Олон улсын эрдэмтэн, судлаачдын хэлж буйгаар халдвараас хамгаалах хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг нь ариутгал халдваргүйжүүлэлт.

Аймаг, нийслэлийн 15 салбар төвд 180 гаруй ажилтан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа.

Хил дээр ажиллаж байгаа ажилтнууд маш өндөр хариуцлагатай ажиллаж байгаа. Ялангуяа Сэлэнгэ аймгийн ЗӨСҮТ-ийнхэн ОХУ болон Европоос орж ирж байгаа бүх ачаа тээшд халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлэх, халдварын сэжигтэй орж ирж байгаа бүх зүйлийг халдваргүйжүүлж байна.

Үүнээс гадна 24 цагийн турш зөвлөгөө мэдээлэл өгөх 70284393 дугаарыг ажиллуулж байгааг хэлье. Энэ хугацаанд 3,000 гаруй иргэнд зөвлөгөө өгсөн.

Коронавирусийн халдварыг илрүүлэх лабораторийн шинжилгээг ХӨСҮТ-тэй хамтарч, хувааж хийж байгаа. Голомтот бүс нутгаас ирж байгаа иргэдийн шинжилгээг хийн ХӨСҮТ-д шинжилгээний хариугаа  өгснөөр 11:00 цагийн ЭМЯ-ны хурлаар мэдээлдэг.

Тавдугаар сард 1,575 гаруй иргэний сорьцод лабораторийн шинжилгээг хийсэн бол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 137 хүнд шинжилгээ хийж хариуг ХӨСҮТ-д мэдээллээ.

Коронавирусийн халдвар нь мал, амьтнаас хүнд халдварладаг буюу зоонозын халдварт өвчин

Коронавирусийн халдварт өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг буюу зоонозын халдварт өвчин. Иймээс дэлхийн болон олон улсын мал, амьтны эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл солилцох, мал, амьтдын дунд халдвар тархаж эргээд хүнд халдварлах эрсдэл зэргийг судалж байна.

Мал, амьтны дунд коронавирусийн халдвар тархах эрсдлийг тандан судлах ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон.

Ингэснээр нийт 20,000 орчим иргэнд урьдчилан сэргийлэлт, ариутгал, халдваргүйжүүлэлт, лабораторийн шинжилгээ хийх зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Бидний зөвлөгөө, мэдээллийг дагаж халдвараас урьдчилан сэргийлж байгаа иргэддээ талархлаа илэрхийлье" гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2643355265912367/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.