Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын нэг хот “алуурчин”-ы хөшөөгөө буулгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын Хамилтон хотын захиргаа өнөөдөр 1860-аад оны үед нутгийн уугуул иргэдийг алж, хядаж байсан Британийн тэнгисийн флотын офицерийн хөшөөг буулгажээ.

Тус хот өөрөө энэ офицерын нэрээр нэрлэгдсэн юм байна. Анх АНУ-д эхэлсэн арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцлийн хүрээнд дэлхийн зарим хотууд ээдрээтэй түүхэн хүмүүсийн хөшөөг буулгах алхам хийж эхлээд байгаа.

Өчигдөр Шинэ Зеландын уугуул Маори овгийнхон Хамилтоныг хөшөөг буулгах шаардлагыг хотын захиргаанд хүргүүлж, овгийн нэг өндөр настан шаардлагыг биелүүлэхгүй бол өөрөө нураахаа мэдэгдэж байв. Хотын захиргаа ийнхүү шаардлагыг хүлээж авсныхаа маргааш арга хэмжээ авч байна.

Тус хот анх Маори хэлээр Кирикирироа гэсэн нэртэй байжээ. Дараа нь 1860-аад оны үед Тауранга хотод болсон алдарт Гэйт Пагийн тулаанд амь үрэгдсэн ахмад Жон Хамилтоны нэрээр нэрлэгдэх болсон юм.

Түүний хөшөөг 2013 онд босгож байжээ. Хотын захиргаа одоогоор нэрээ солих төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Хамилтон нь 160,000 орчим оршин суугчтай Шинэ Зеландын дөрөв дэх том хот юм. Оршин суугчдын дөрөвний нэг орчим нь уугуул Маори хүмүүс гэнэ.

Хотын удирдах зөвлөлийн дарга Ричард Бриггс хөшөөг хүчээр буулгаж, ойр орчных нь цэцэрлэгийг сүйтгэхээс сэргийлэх үүднээс яаравчлан арга хэмжээ авснаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press