Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Амны хаалтын ачаар Нью-Йорк хот 66 мянга, Итали улс 78 мянга гаруй COVID-19-ийн халдварын тохиолдлоос сэргийлж чаджээ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан улс, орнуудын нөхцөл байдал болон дэлхий дахинд хийгдэж буй судалгааны талаар мэдээллээ.

АНУ-ын Техасын их сургуулийн судалгааны баг COVID-19 халдвар хэрхэн тархдаг талаар судалжээ. Ингэхдээ халдвар цар тахлын хэмжээнд тархсан БНХАУ-ын Ухань хот, АНУ-ын Нью-Йорк хот болон Итали улсыг хамруулсан байна.

Дээрх хот, улсын шинжилгээ хийсэн болон хөл хорио тогтоосон, хавьтлыг илрүүлсэн байдал, иргэдийнх нь амны хаалтын хэрэглээ зэрэг нийгмийн эрүүл мэндийн бүхий л арга хэмжээг харьцуулан судалжээ.

БНХАУ-ын хувьддээрх арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлж байсан учир бусадтай нь харьцуулаагүй аж.

Харин Нью-Йорк болон Италийн халдварын тархалтыг харьцуулж үзэхэд амны хаалтыг заавал зүүхийг шаардах болсны дараа халдварын тархалт илүү удааширч байсан гэж дүгнэжээ.

  • Италид дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 9-ний хооронд иргэд нь амны хаалт зүүдэг болсны үр дүнд 78 мянга гаруй халдварын тохиолдлоос сэргийлж чадсан.
  • Харин Нью-Йорк хотод дөрөвдүгээр сарын 17-ноос тавдугаар сарын 9-ний хооронд 66 мянга гаруй халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлж чадсан байна гэж судлаачид дүгнэсэн байна.

Иймд амны хаалт зүүх нь халдвар хүнээс хүнд дамжихаас сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр арга гэдгийг судлаачид онцолжээ.

Тэд амны хаалт зүүхийн зэрэгцээ зайнаас харилцах, хөл хорио тогтоох, хавьтлыг илрүүлэх зэрэг арга хэмжээг хамт хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг зогсоох хамгийн шилдэг арга байж болзошгүй гэж тайландаа бичсэн байна" гэв.

Бразил COVID-19-ийн тохиолдлын тоогоор дэлхийд 3-т бичигдэж эхэллээ

АНУ

АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээллээр өчигдөр ус улсад 20 мянга орчим шинэ тохиолдол, 834 нас баралт нэмж бүртгэгджээ. Ингэснээр тус улсын нийт халдварын тохиолдлын тоо 1,994,000 гаруйд хүрч, 112,900 гаруй хүн энджээ.

Бразил

Бразил улсад өчигдөр 30 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо 802,800 гаруй болсон байна. Мөн тус улсын хэмжээнд халдварын улмаас нас барсан хүний тоо 40,919 болж, дэлхийн хэмжээнд Бразил улс халдварын тоогоор гуравдугаарт бичигдлээ.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д Пүрэв гарагт 56 тохиолдол бүртгэгджээ.

Япон

Япон улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 38 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр долоон шинэ тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн нэг нь дотоодын халдвар байсан бол үлдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байжээ.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/279482563421096/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.