Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дайны гэмт хэргийг шалгах гэсэн олон улсын шүүхийн эсрэг Трампын засаг захиргаа хориг зарлав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Эрүүгийн Шүүх (ICC) нь дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүдийг шүүх зорилгоор 2002 онд байгуулагдсан юм.

Тус байгууллагын гишүүнээр дэлхийн 120 гаруй улс элссэн байдаг бөгөөд анх Югославын дайн, Руандагийн геноцидийн хэргүүдийг шүүж байжээ.

ICC саяхан Афганистаны дайнд оролцогч бүх талуудын үйлдсэн гэмт хэргүүдийг шалгах болсон юм.

Үүнд АНУ болон түүний холбоотнууд ч багтаж байгаа. Харин Дональд Трампын засаг захиргаа уг ажиллагааг эсэргүүцэж, ICC байгууллагын эсрэг эдийн засгийн хориг зарлажээ.

АНУ уг ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудын эсрэг эдийн засгийн хориг тавиад зогсохгүй гэр бүлийнхнийг нь визний хоригт оруулахаар болсон байна.

Үүнээс гадна Вашингтоны эрх баригчид ICC байгууллагыг тойрсон авлигын дуулиануудыг мөрдөн шалгах болсноо зарлажээ.

Дээрх шийдвэрүүдийг өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О Брайн, Пентагоны тэргүүн Марк Эспер, ерөнхий прокурор Уилльям Барр нар Вашингтонд болсон хэвлэлийн хурлын үеэр зарласан байна.

Ингэхдээ тэд сэтгүүлчдийн асуултад хариулахгүйгээ мэдэгджээ.

Уилльям Барр ICC байгууллагыг “олон улсын зарим элитүүдийн захиалгаар ажилладаг улс төрийн зэвсэг болсон” гэж энэ үеэр дүгнэсэн байна.

ICC арванхоёрдугаар сард Израйль-Палестины мөргөлдөөний үеэр гарсан гэмт хэргүүдийг шалгаж эхэлсэн бол гуравдугаар сард Афганистаны дайны гэмт хэргүүдийг шалгах шийдвэр гаргаж байв.

Энэ удаагийн хориг нь АНУ-ын холбоотон Израйлийг мөн хамгаалах зорилготойг Майк Помпео өчигдөр мэдэгджээ.

Тэр бас ICC байгууллагын бусад гишүүн орнуудыг өөрийн мөрдөн шалгах ажиллагаанд нэгдэхийг уриалсан юм.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху холбоотныхоо тавьсан хоригийг дэмжиж байгааг мэдэгдээд Гаагийн олон улсын шүүхийг “АНУ, Израйлийн эсрэг улс төрийн явуулга зохион байгуулдаг” газар гэж шүүмжилжээ.

Харин Нидерландын гадаад хэргийн сайд Стеф Блок “Олон улсын шүүхийн эсрэг авсан АНУ-ын арга хэмжээнд маш их санаа зовж байна. Бид тус улсаас хоригоо цуцлахыг уриалж байна. Нидерланд улс ICC байгууллагыг бүрэн дэмжиж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

American Civil Liberties Union байгууллага өөрийн улсын засгийн газрын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлээд Трампын засаг захиргаа дайны гэмт хэрэгтнүүдийг шүүж, шийтгэх үйл ажиллагааг авторитар дэглэмүүдийн гарт шилжүүлж байгааг шүүмжилжээ. Тус байгууллага Цагаан ордны шийдвэрийг бүх аргаар эсэргүүцэхээ мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian