Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн ор дүүрвэл Батлан хамгаалах яамны харьяа эмнэлэг бэлэн байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Архаг хууч өвчтэй хүмүүс COVID-19 халдвар авсан бол хүндрэх тохиолдол байгаа гэж мэргэжлийнхэн хэлж байна. Хууч өвчтэй халдвар авсан хүмүүст давхар эмчилгээ хийдэг болов уу?

- Архаг хууч өвчтэй хүн COVID-19 халдварыг авах эрсдэл өндөр. Тиймээс бид тухай өвчтөний суурь өвчний эсрэг эмчилгээг давхар хийж байна.

Гаднын улс, орнуудад ч амьсгалын замын суурь өвчтэй, өндөр настнууд илүү хүндээр тусаж байгаа.

-Халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. ХӨСҮТ-ийн өвчтөнүүдийг хүлээж авах хүчин чадал ямар хэмжээнд байгаа вэ?

- ХӨСҮТ нийт 250 өвчтөнийг хүлээн авч, эмчлэх бэлтгэлээ хийж, хүний нөөц болон лабораторийнхоо хүчин чадлын тооцоолсон. Бид эмчилгээний 10 багийг бэлдсэн байгаа бөгөөд түүний ард ХӨСҮТ-ийн баг эмч нараа бэлдэж буй.

Хэрвээ ХӨСҮТ-ийн ор дүүрвэл Батлан хамгаалах яамны харьяа эмнэлгийг бэлдэж, төлөвлөн, зохион байгуулан ажиллаж байна.

-Улсын хэмжээнд хэдэн лабораторид COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээ хийж байгаа вэ?

- Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байна. Тодруулбал, Баруун аймгийн бүсэд Ховдод вирус судлалын лаборатори байгуулсан. Тэнд Увсын шинжилгээг маш хурдан хийж болно. Зүүн аймгуудад, Дорнодод нэг лаборатори ажиллаж байна. Сэлэнгийн чиглэлд Дархан-Уул аймагт лаборатори байна. Мөн Улаанбаатар хотод ЭХЭМҮТ болон ЗӨСҮТ-д лаборатори ажиллаж байгаа бөгөөд лабораторийн сүлжээ маш сайн бэхэжсэн.

Цаашид Замын-Үүд болон Алтанбулагт ч лаборатори гаргаж ажиллуулж болно. Одоогоор бэлэн байдалд байна. Лабораториуд улсын хэмжээнд үйлчилж байгаа боловч ХӨСҮТ-ийн лаборатори эмчилгээгээ үргэлж хянадаг гэдгээрээ онцлогтой.

Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ лабораторийнхоо шинжилгээгээр вирусийн өсөлт, бууралтыг эмчилгээний үр дүнтэй холбож хянаж байдаг гэсэн үг.

-ХӨСҮТ-өөс хоёр өвчтөн оргох оролдлого хийсэн гэх мэдээлэл байна. Үнэн болов уу?

- ХӨСҮТ цагдаагийн хамгаалалтад байгаа. Тэр дотор оргох үйлдэл хийх шаардлага ч өвчтөнүүдэд байхгүй. Энэ ташаа мэдээлэл байна.

Түүнээс гадна манай иргэд гадаадад байхдаа ч хариуцлагатай байгаа нь тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсээс халдварын тохиолдол бага илэрч байгаагаар харагдаж байна. Үүнд бид маш их баяртай байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/279482563421096/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.