Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнийг ичээнд оруулдаг болох цаг ойртсоныг хэсэг эрдэмтэд зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Зарим хөхтөн амьтад өвөл ичиж, хавар сэрдэг. Ингэхдээ тэд биеийн температураа эрс багасгаж, бодисын солилцоогоо удаашруулдаг нь эрчим хүчээ нөөцөлж, хоол хүнсний олдоц муутай өвлийн саруудыг даван туулах арга юм.

Ирээдүйд сансрын гүний аялалд тэсэж үлдэхийн тулд хүмүүс ч бас ингэж ичдэг болно гэсэн зөгнөл судлаачдын дунд яригддаг. Төв мэдрэлийн систем хүний биеийн дулааныг зохицуулахад оролцдогийг өмнө нь эрдэмтэд тогтоож байсан ч энэ механизм яаж ажилладаг нь тодорхойгүй байв.

Тэгвэл Японы Цукуба их сургуулийн судлаачид мэрэгч амьтдыг зохиомлоор ичээний горимд оруулдаг тархины мэдрэлийн эсүүдийг илрүүлснээ өчигдөр зарлаж, үр дүнгээ Nature сэтгүүлд нийтлүүлжээ.

Тэд эхлээд өвөл ичдэггүй хулганы биеийг богино хугацаанд үүнтэй ижил төстэй төлөвт шилжүүлж чадсан байна. Ингэхдээ хулгануудын генд өөрчлөлт оруулж “Q neurons” гэгддэг бүлэг тархины эсүүдийг нь гэрлээр идэвхжүүлдэг болгожээ.

Эдгээр эсүүдийг идэвхжүүлэхэд хулгануудын биеийн температур 10 хэмээр бууран Цельсийн 30 хэмээс бага болж, зүрхний цохилт, бодисын солилцоо нь удааширч, амьсгал нь суларч, хөдөлгөөнгүй болж байсан гэнэ.

Ийм төлөвт 48 цаг байсныхаа дараа хулганууд ямар нэг гэмтэлгүйгээр буцан сэргэж байжээ.

Эрдэмтэд энэ аргаа өвөл ичдэггүй хархнууд дээр туршихад мөн амжилттай болсон байна.

Хэрвээ хүнийг бас зохиомол ичээнд оруулж чадвал төрөл бүрийн эмчилгээнд ашиглаж болохоос гадна ирээдүйд урт хугацааны сансрын аялалд ашиглах боломжтойг судлаачид тайландаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP