Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгогчийн боловсролыг дэмжих СОНГУУЛИЙН МУЗЕЙгээр зочлоорой

Б.Ану
2020 оны 6 сарын 12
IKON.MN
Зураг зураг

- СОНГУУЛИЙН МУЗЕЙ нээгдлээ -

Сонгогч та дөрвөн жилийн өмнөх улс төрчдийн амлалт, мөрийн хөтөлбөр, уран үгийг санаж байна уу?

Юу ярьж, юу амлаж бидний саналыг  авснаа тэд санадаг болов уу? Энэ асуултад хариулт өгөх, сонгогчдын санах ойг сайжруулах Монголын анхны цахим музей “СОНГУУЛИЙН МУЗЕЙ” www.electionmuseum.mn  нээгджээ. Уг цахим музей нь чөлөөт ардчилсан сонгууль дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчийн боловсролыг дэмжих үндсэн зорилготой аж.

 

Сонгогчид музейд зочилсноор Монгол Улсад ардчилсан сонгууль бий болсноос хойш буюу 1992 оноос өнөөг хүртэлх үе үеийн сонгуулийн мэдээ мэдээлэл, улс төрийн намууд, нэр дэвшигч нарын амлалт, мөрийн хөтөлбөр, хэлсэн үг зэргийг эргэн санах, түүнд тулгуурлан сонголтдоо ухаалаг, хариуцлагатай, хэрсүү хандах боломжтой юм.

Сонгуулийн музей нь:

  • “Мөрийн хөтөлбөрийн танхим”,
     
  • “Амлалтын танхим”,
     
  • “Уран үгийн танхим” гэх 3 үндсэн танхимаас бүрдэх бөгөөд цаг үетэй уялдуулан 4 дэх танхим нээгдэж, үзмэрүүд шинэчлэгдэж байх юм.

Улс төрчдийг өөрчлөгдөхийг хүлээснээс тэднийг сонгодог хүмүүсийг өөрчлөх нь хялбар гэдэг. Тиймээс хэнд төрийн эрх мэдлийг өгөх нь сонгогч бидний боловсрол, сонголтоос шууд хамаардгийг санаж, “Сонгогчдын санах ойг сайжруулъя” уриалгыг музейн зүгээс дэвшүүлж байна.

Уг музейг 2015 онд нийтлэгдэж байсан “Сонгуулийн музей байгуулъя” нийтлэлийн агуулгад тулгуурлан “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-өөс санаачлан, аливаа улс төрийн  хүчнээс хараат бусаар бие даан хөгжүүлж байгаа бөгөөд музейд зочилсон хэн бүхэн өмнөх сонгуулиудад ямар сонголт хийснээ эргэн санаж, дараагийн сонгуульдаа ухаалаг сонголт хийх сэдлийг түгээхийг зорьжээ.

Сонгогч та өөрт буй үзмэрийг хандивлах боломжтой бөгөөд дараах хаягуудаар холбогдох боломжтой.