Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын рестораны эзэд тус бүр 1,446 жил шоронд хоригдох ял сонсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Тайланд улсын шүүх өчигдөр далайн гаралтай хоолны рестораны эзэн хоёр хүнд тус бүр 1,446 жилийн хорих ял оноожээ.

Өнгөрсөн онд “Laemgate seafood” ресторан хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичгийг онлайнаар зарсан юм байна.

Тухайн үед зарласан урамшуулал төсөөлж байгаагүй үр дүнд хүрч, 20,000 орчим хүн нийтдээ 50 сая батын ($1.6 сая) үнэ бүхий эрхийн бичгийг худалдан авжээ.

Эцэстээ ресторан ийм олон тооны хүнд үйлчилж дийлэхгүй болсноос өнгөрсөн гуравдугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон байна. Эрхийн бичиг худалдаж авсан хүмүүс тус ресторанаар үйлчлүүлэхийн тулд хэдэн сараар хүлээх шаардлагатай болсон юм.

Ресторан хаагдсаны дараа олон зуун хүн мөнгөө нэхжээ. Нийт 818 хүн нэхэмжилснээс 375 нь мөнгөө буцаан авч чадсан байна. Харин үлдсэн хүмүүс нь шүүхэд хандсан тул рестораны эзэд болох Апичарт Боворнбанчарак, Прапассорн Боворнбанча нарыг луйврын хэргээр баривчилжээ.

Тэдэнд нийт 723 ял тулгаж, тус бүрт нь 1,446 жил шоронд хорих шийтгэл оноосон байна. Дараа нь эздийг гэм буруугаа хүлээсэн гэж үзээд шүүх ялын хугацааг хоёр дахин бууруулж, 723 жил болгожээ.

Гэхдээ Тайландын хуулиар залилан, луйврын хэрэгт оноох хорих ялыг 20 жилээр хязгаарладаг тул рестораны эзэд олон зуун жил шоронд суухгүй юм байна.

Эздэд нь хорих шийтгэл оноосноос гадна рестораныг эзэмшигч Laemgate Infinite компани хохирогчдын мөнгийг буцаан төлж, 1.8 сая батын торгууль төлөхөөр болжээ.

Тайландын шүүх луйврын хэрэгт ял оноохдоо нэхэмжилсэн хохирогчийн тоогоор үржүүлдэг тул ийм олон жилийн хорих шийтгэл оноодог. 2017 онд тус улсын шүүх нэгэн луйврын хэрэгтэнд 13,000 гаруй жилийн хорих ял оноож байжээ.

 

Эх сурвалж: BBC