Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын тал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөөр сүрдүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт Умард Солонгосын тал Өмнөд Солонгостой бүх харилцаа холбоогоо тасалж байгааг зарласан билээ.

Энэ мэдэгдлийн дараа АНУ-ын төрийн департмент хоёр Солонгосын харилцаа холбоог тасалсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин өнөөдөр Пёньяны эрх баригчид хэрвээ ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулахыг хүсэж байвал хоёр Солонгосын хэрэг явдалд хошуугаа дүрэхгүй байхыг АНУ-ын засаг захиргаанд хатуу анхааруулжээ.

Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцолгүй “амаа татаж”, өөрийн дотоод асуудлуудад анхаарал хандуулахыг Вашингтоны эрх баригчдад уг мэдэгдлээрээ сургамжилсан байна.

“Ингэх нь зөвхөн АНУ-ын ашиг сонирхолд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, энэ онд болох ерөнхийлөгчийн сонгуулиа саадгүй зохион байгуулахад нь тус болно” гэж Умард Солонгосын төв хэвлэлд анхааруулжээ.

Уг анхааруулга нь сонгуулийн ажиллагааг Умард Солонгосын зүгээс тасалдуулна гэсэн заналхийлэл үү, эсвэл Дональд Трампын дахин сонгогдох зорилгод Пёньян саад хийнэ гэсэн утгатай сүрдүүлэг үү гэдэг нь тодорхойгүй байна.

Умард Солонгосын талаас Өмнөд Солонгостой харилцаа холбоогоо салгасан нь хүний эрхийн байгууллагууд Өмнөдийн талаас хил давуулан суртал ухуулгын материал агаарын бөмбөлгөөр илгээж байгаатай холбоотой юм.

Лхагва гарагт буюу өчигдөр Өмнөд Солонгосын засгийн газар ийм ажиллагаа зохион байгуулдаг хоёр байгууллагыг шалгах болсноо мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP